Украин улсын тамирчин Даръя Билодид өчигдөр буюу 24-ний өдөр олимпын наадмын хүрэл медалийг хүртсэн юм. Тэрээр Украин улсыг төлөөлж Олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөс медаль авсан анхны тамирчин болжээ. 


Даръя шөвгийн 16-д Серби улсын тамирчин Милика Николичийг давж, шөвгийн 8-д Португали улсын тамирчин Катарина Костаг ялсан боловч хагас финалын шатанд Япон улсын тамирчин Фуни Тонакд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. 

Өмнө нь хоёр жил дараалан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо Даръя түүнийг давж байсан хэдий ч өчигдөр тэр ялагдал хүлээжээ. 

Тийнхүү алтан медаль хүртэж чадахааргүй болсон Даръяд бүх зүйл утгагүй санагдаж, хүрэл медалийн төлөөх барилдааныг тэгсхийгээд л өнгөрөөхийг хүссэн ч тэрээр ээжийгээ бодон өрсөлдсөн байна. 

Энэ тухайгаа тэр өөрийн инстаграм хуудаснаа оруулсан нийтлэлдээ тайлбарласан юм. 


Би 6 настайгаасаа хойш нэг л мөрөөдөл тээж байсан бөгөөд тэр л хүсэл маань энэ л олон жилийн турш санаанаас гаралгүй хүнд хэцүүг даван туулахад минь тусалж ирсэн. Би олимпын алтан медалийг л мөрөөдөж ирсэн. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, өлсөж, хэчнээн өвчтэй байсан ч тэвчиж, өөрийгөө үгүйсгэж байсан. Энэ тухайгаа би хэнд ч хэлж байгаагүй ба зөвхөн миний ойр дотнын хүмүүс л намайг ямар хүнд зам туулж энэ хүрснийг мэднэ. Тэр бүхэн зөвхөн олимпын алтан медалийн төлөө л байсан. 

Өнөөдөр би Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ. Алтын төлөөх оноолтод ялагдсанаас болж би сэтгэл гутралд орж, хүрлийн төлөө өрсөлдөх огтоос хүсэлгүй болсон. Миний мөрөөдөл биелэхээс нэгэнт өнгөрсөн болохоор би зүгээр л бууж өгөхийг хүссэн. Ямар ч настригүй. Гэхдээ намайг барилдахад хүргэсэн ганц зүйл бол татами дээр гарахаас өмнө ээжийн минь хэлсэн үг байлаа. “Энэ медалийг миний төлөө хожоорой” гэж тэр хэлсэн. Би үүнийг ээж аавынхаа төлөө хожсон. Тэд маань энэ медалийг хүртэх эрхтэй бөгөөд би энэ ялалтаа тэдэнд зориулж байна. Баярлалаа. Намайг бууж өгөхийг хүсэхэд та хоёр минь л үргэлж дэргэд минь байж, үргэлжлүүлэн явахад хэрэгтэй үгсийг минь хэлж, дэмжиж ирсэн. 

Би одоо л энэ медалийн үнэ цэнийг ойлгож байна. Миний хувьд энэ алтан медалийн дайтай. Учир нь бидэнд маш их шалгуур, бэрхшээл тулгарсан ч эцсийн шатанд хүрч, медаль хүртэн түүх бүтээлээ. 

Гэхдээ миний мөрөөдөл хэвээрээ шүү. Би санасандаа хүрэх хүртлээ мөрөөдлийг минь булаахыг хэнд ч зөвшөөрөхгүй.


Залуу тамирчин маань өдгөө дөнгөж 20 настай бөгөөд 17 настайдаа Баку дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хамгийн залуу дэлхийн аварга цолыг хүртэж байжээ. 

Ингээд 2024 оны олимпоор түүнийг мөрөөдлөө биелүүлэх эсэхийг харах л үлдэх шив дээ.