Рэппэр 50 Cent 2014 онд гаргасан Animal Ambition цомгоо биткойноор худалдаж авахыг зөвшөөрсөн. Түүнээс хойш биткойнтойгоо мартчихсан байж байгаад саяхан л санажээ. Улмаар аккаунтаа шалгаж үзээд биткойны саятан болчихсон байж гэнэ. Энэ талаар шар мэдээллийн TMZ сайт анхлан мэдээлсэн юм. 

Тухайн үед нэг ширхэг биткойн 662 доллар байсан агаад 50 Cent-ийн шүтэн бишрэгчид үүний өчүүхэн хэсэгтэй тэнцэх мөнгөөр цомгийг нь худалдаж авсан аж. Үүнээс тэрбээр 400 мянган долларын биткойн цуглуулжээ. Түүнээс хойш биткойны үнэ өссөөр 17 мянган долларт хүрээд эргэн 10 мянга болсон. Яг энэ цаг мөчид нэг ширхэг биткойн 11 мянган долларын ханштай байна. 

Рэппэрийн биткойн дансандаа “тоостой” хэвтсэн ч үнэ нь өссөөр өдгөө 7-8.5 сая доллартай тэнцэх биткойнтой боллоо. 

50 Cent инстаграм болон твиттертээ энэ талаар “Өмнөдийн хорооллын хүүхэд гэхэд дажгүй шүү. Өөрөөрөө бахархчихлаа”, “Үнэнийг хэлэхэд энэ муу золигийг мартчихаж” хэмээсэн байна. Цахим валютынхан энэ мэдээг дуулаад 50 Cent-рүү сурталчилгаа явуулж эхэлжээ. 

Дуучин 50 Cent биткойныг аваад мартсан олон хүний нэг. Бусдаас ялгаатай тэрбээр аккаунт руугаа нэвтрэх мэдээллээ санажээ. Маш олон хүн хувийн мэдээллээ мартсанаас болж олон сая доллартой тэнцэх биткойноо захиран зарцуулж чадахгүй байна. Цахим валютын журмаар бол мэдээллээ санахгүй л бол авралгүй байдаг аж.