2019 онд дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн ислийн/CO2/ хэмжээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй байгаа тухай Их Британийн Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлэв.

Хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн их хэмжээний нүүрсхүчлийн ислийг шингээж авдаг ой модны хэмжээ багасахын хэрээр агаар мандал дахь "CO2"-ын хэмжээ жил ирэх тутам нэмэгдсээр байгаа билээ.

Гэтэл энэ онд Номхон далайн бүс нутгийн халуун орнуудад уур амьсгал улам халуун байх төлөвтэй байгаагийн улмаас мод, ургамлын ургалт муудаж, нүүрсхүчлийн ислийг шингээх явц улам багасах төлөвтэй байгаа ажээ.

Үүний үр дүнд 2019 онд 2018 оныхоос илүү их хэмжээний нүүрсхүчлийн исэл ялгарах төлөвтэй байгааг эрдэмтэд тогтоосон байна.

АНУ-ын Хавай муж улсын Мауна Лоа уулын ойролцоох ажиглалтын хүрээлэнгийн мэргэжилтнүүд 1958 оноос хойш агаар мандал дахь химийн нэгдлүүдийн хэмжээг хянаж, мэдээллүүдийг цуглуулж ирсэн ажээ.

Агаар мандал дахь нүүрстөрөгчийн ислийн сүүлийн хэдэн жилийн үзүүлэлтийг анх бүртгэж эхэлсэн үеийнхтэй харьцуулахад 30 хувиар нэмэгджээ. Энэ нь автомашин, үйлдвэрээс ялгарч буй нүүрсхүчлийн исэл нэмэгдэж, ой модны хэмжээ улам буурч буйтай холбоотой байна.

“Хэрэв ой мод, хөрс шороо, далай тэнгис зэрэг нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрсхүчлийн ислийн ялгарлын тал хувийг шингээж авдаггүй байсан бол нөхцөл байдал улам бүр хүндрэх байсан” гэж мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC