Ангараг дээр хүн буулгах нь асуудал биш болсон. Хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн гүүр болохоор зориглосон Mars-V төслийн талаар бэлтгэлээ.

Марс ба Монголын говь

Mars-V төсөл хэдхэн залуусын төсөөлөл төдий зүйл биш. Тэд аль хэдийн судалгаа хийж баталснаар төслөө олон улсад хүлээн зөвшөөрүүлчихсэн, том амбицтай залуус. Марс дээр газардсан роботын илгээсэн зургийг үзээд Монголын говьтой тун ч төстэй харагдсныг ажигласнаар төслийн анхны санааг гаргасан гэнэ. Дараа нь судалгааны баг говийг зорьж хөрсний дээжийг, уур амьсгалын нөхцлийг гүнзгий судлаж мэджээ.

Марсын жилийн дундаж хэм нь -63 градустай хүйтэн. Харин манай говь нь дэлхий дээр буй долоон цөл дотроос хамгийн хүйтэн буюу -42 хүртэл хэм хүрдэг. Түүнчлэн агаарын нягтаршил багатай, хуурай цөлд тооцогддогын зэрэгцээ үзэгдэх орчин нь Марс гарагийн гадаргуутай тун төстэй аж. Тиймээс Марст газардах сургуулилтын бааз байгуулж, сансрын судалгааны бүсийг байгуулах нь шинжлэх ухааны хувьд боломжтой юм. 

Монголын говь Марс гарагтай хамгийн ижил гадаргуутай газар 

Хоосон мөрөөдөл биш бодит боломж 

Mars-V  багийнхан хоёр жилийн өмнө Япон, Арабын Нэгдсэн Эмират улсын хамтарсан “Mars” төслийн инженерүүдэд танилцуулжээ. Японы талаас ихэд сонирхон дэмжихээ илэрхийлснээр тэд мөрөөөдөлдөө хүч нэмэн зориг шулуудсан. Удалгүй хүн төрөлхтөн сансарт хөл тавьсны 50 жилийн ойн арга хэмжээний үеэр төслөө NASA-д хүртэл танилцуулж чаджээ. Үүний дараа ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч А.М. Сергеев, мөн Энэтхэг улсын сансар судлалын байгууллага гээд олон газар төслөө танилцуулж, баталгаажуулсан аж.  

Уг төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр “Марс дээр хүн төрөлхтний төлөөлөл газардах нь ойрын 20 жилийн дотор биелэх нь тодорхой болсон энэ үед бэлтгэл сургуулилтын бүс гол асуудлын нэг юм. Тиймдээ ч бусад улсын сансар судлалын төвүүд манай төслийг олзуурхан хүлээн авсан. Үүний илрэл болж  “Марс” нийгэмлэгийн ерөнхийлөгч Робэрт Зубрин, Марс гарагт хүрэх анхны багийн гишүүн Алиса Карсон нар төсөлд маань зөвлөхөөр ажиллаж байгаа” гэлээ. 

Говийн бүсийн байгаль орчноос гадна Монгол Улсын геополитикийн нөхцөл чухал нөлөөтэй гэнэ. Өөрөөр бол хөрш улсуудтайгаа найрамдалт харилцаатай, дайн, цөмийн зэвсгээс ангид байдал том давуу тал юм. Түүнчлэн хүн ам цөөнтэй, агаарын хил сийрэг байдаг нь туршилтын бааз байгуулах таатай нөхцлийг бүрдүүлж байгаа аж. 


Төслийг амжилттай хэрэгжүүлвэл  улсынхаа жилийн төсвийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй ижил ашиг олох боломж

Mars-V төслийнхөн төслийн зорилго ач холбогдлын талаар “Марс дээрх байгаль, цаг уурын хүнд нөхцлийг даван  туулах цогц сургалтын академийг байгуулах,  сансрын судалгаа, хөгжүүлэлтийн олон улсын чөлөөт бүсийг байгуулах гэсэн хоёр том зорилгыг тээн ажиллаж байна. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал технологийг дагасан аялал жуулчлалын дагуул хотын байгуулах боломж бүрэлдэх юм. Ингэснээр Монгол Улсын нэг жилийн төсвөөс 2 дахин ашиг олно гэж харж байгаа.” гэж ярьсан юм.  

Марс руу явахаар 220 гаруй мянган хүн бүртгүүлжээ

Сонирхуулахад Марс, дэлхий хоёр 15 жил тутамд нэг л удаа хамгийн их ойртдог буюу хоорондын зай 54 сая км болдог гэнэ. Өнгөрсөн онд энэ үе тохиосон бөгөөд NASA-гаас судалгааны робот илгээсэн нь хоёрдугаар сард газарджээ. 

Иймд хүн бүр Марс руу нисэх боломжгүй. Гэсэн ч хүмүүсийн хүсэл хязгааргүй. 

Долоон жилийн өмнө “Mars one” гэх олон улсын төслөөр Марс руу явах сонирхолтой хүмүүсийг судлахад 220 гаруй мянган хүн бүртгүүлж байжээ. Тэгэхээр энэ төрлийн бизнесийн орон зай хэзээнээс үгүйлэгдэж буй. Тиймээс төслийн багийнхан өөрсдийн ажлаа амжилтай болно гэдэгт огтоос эргэлздэггүй гэнэ. 

Төслийг цөөхөн хэдэн хүний ажил гэж бодох хэрэггүй. Харин ч олон монгол залуусын хүсэл мөрөөдлийн гүүр юм. Төслийн стратеги, архитектор, гадаад харилцаа зэрэг багуудад гэхэд 220 орчим хүн итгэл гарган ажиллаж байна. Мөн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй Монголын болоод бусад олон улсын судлаач, эрдэмтэд зөвлөж байгааг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна 2800 гаруй оюутан залуус төсөлд  сайн дураараа мэдлэг оюунаа нэмэрлэн ажилладаг.   

Төслийн залуус гаднаас ямар нэг санхүүжилт аваагүй ч удахгүй авна. Тэр нь нэг удаагүй дэмжлэг биш бизнесийн зарчмаар авах хөрөнгө оруулалт гэдэгт итгэлтэй байна. Энэ талаараа “Бидний өнөөг хүртэл хийсэн материаллаг болоод оюуны ажлууд аль хэдийнэ нэг сая доллартай тэнцэх хэмжээний үнэ цэнийн босгож чадсан” хэмээн итгэлтэйгээр хариуллаа.