Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд дэлгэсэн үзвэрүүдээс онцолж байна.


Скафандр 

Энэ бол БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн өмссөн скафандр буюу сансрын нисгэгчийн хувцас. Энэ хувцас нь нисгэгчийг амьсгалах боломж болон аюулгүй байдлыг хангах зорилготой. Сонирхолтой нь, анх бүтээгдсэн цагаас хойш бараг өөрчлөгдөөгүй өдийг хүрсэн. Зөвхөн дизайн болоод өмсөх аргыг багахан өөрчилсөн аж. Дотроо хоёр янз байдаг. Нэгийг бүхээгтээ, нөгөөг нь задгай сансарт гарахдаа өмсдөг.

Ж.Гүррагчаагийн сансарт нисэх үедээ өмсөж байсан хувцас

Бүхээгт өмсөх хувцасыг резин шингээсэн даавуугаар хийсэн бөгөөд гурван цагийн туршид хүчилтөрөгчөөр хангадаг. Бас холбооны хэрэгсэл болон цэвэр усны нөөцтэй гээд “шидтэй” хувцас аж. Ж.Гүррагчаа баатар сансарт нисэхдээ зөвхөн хөлөг дотроо гэхэд хувцсаа 4 удаа сольж өмссөн байна.  

Харин задгай сансрын хувцасны гол зориулалт нь нарны хэт ягаан туяа болоод сансар дахь олон янзын цацрагаас хамгаална. Түүнчлэн 8-9 цагийн турш нисгэгчийг хүчилтөрөгчөөр хангах тусгай үүргэвч ч бий. Энэ хувцасны талаар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Энгийнээр хэлэхэд энэ хувцас өөрөө маш жижигхэн сансрын хөлөг юм” гэж тодорхойлжээ. 

Сансрын хоол

Энгийн хоолноос ялгаагүй харагдах ч агаарын вакумжуулалтад зориулан савласан учир хэрэглэх арга нь өөр байдаг аж. Жишээлбэл, кофег тусгай саванд хийж, өндөр даралттай усаар зайлсны дараа хэсэг хугацаанд хөргөж байж уудаг байна. Харин лаазтай хоолыг тусгай зориулалтын цүнхэнд хийж халааж хэрэглэнэ. 

Хамтарсан нислэгийн үеэр авч ниссэн бүтээгдэхүүнүүд 1981 оноос хойш хадгаладжээ. 

Сонирхуулахад, одоогоор дэлхийн 38 орны 580 хүн сансарт ниссэн байна. Тухайн улс үндэстэн болон нисгэгчийн биеийн онцлогоос шалтгаалж хоолонд шинэ төрөл нэмэгддэг байна. Түүнчлэн улс улсынхаа онцлогийг таниулах үүднээс хамгийн онцгой бүтээгдэхүүнийг сансарт илгээх ч бий. Жишээлбэл, 2010 онд Японы сансрын нисгэгч олон улсын сансрын станци дотор сүши ороож байжээ. Харин Ж.Гүррагчаа баатар 1981 онд сансарт нисэхдээ чацарганы тосоор баяжуулсан хүнс, борц хэрэглэж, “Болор” архийг авч нисжээ. 40 жил хадгалагдсан эдгээр зүйлсийг уг үзэсгэлэнгээс харж болох нь. 

Тухайн үед монгол эрдэмтэд борцоор сансарт найруулж уудаг шөл хийх кофе шиг нунтгийг 3 жилийн турш ажиллаж байж гаргаж авчээ. Энэ хугацаанд аль нутгаас авах вэ, хэдэн настай, ямар малынх байх вэ гээд олон зүйлийг судалж туршсан. Ингээд Дундговь аймгийн Даланжаргалан сумын үхрийн аж ахуйгаас гурван настай үхрийн мах авч ирээд монгол аргаараа борцолж, тухайн борцны хамгийн шим тэжээлт бодисуудыг 60 градусын халуун усанд уусах хэмжээнд хүртэл боловсруулж авсан байна.


Монголд ирсэн олон улсын сансрын нисгэгчид 

Орос, Америк, Унгар зэрэг орны нийт 23 сансрын нисгэгч Монголд ирсэн байна. Тэдгээр нисгэгчдэд Монгол Улсын Засгийн газраас шагнал олгож байжээ. Тухайлбал, Сансарт ниссэн анхны эмэгтэй нисгэгч Валентина Терешковад БНМАУ-ын баатар цолыг 1965 онд олгож байсан тогтоол, баримтуудыг үзэсгэлэнд эх хувиар нь дэлгэсэн байна. Монгол Улс олон улсын сансрын нисгэгчидтэй харилцаа тогтоосон нь цаашид тухайн улстай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээсэн. Ингэснээр монголын сансар судлалын хөгжилд ач холбогдол үзүүлсэн гэдгийг хүмүүст таниулахаар уг баримтуудыг үзэсгэлэнд дэлгэсэн байна. 

Түүхэн сансрын нислэгүүдийн марк, захиа,дугтуйнууд  

Mars-V төсөл 

Хүн төрөлхтөн Марсыг эзэмших нь хамгийн ойрын зорилт болж, өдөр тутам ахиц дэвшил гарсаар буй. Монгол залуус энэ хүсэл тэмүүллийн холбоос болохыг зорьж байна. Одоогоор Марсыг эзэмших, тэнд дасан зохицох, аж төрөх, улмаар сорилт бэрхшээлийг даван туулах тухай онолыг бодит болгох нь чухал. 

Mars-V төслийн загвар 

Иймд Марс гарагтай ойролцоо орчин нөхцөлтэй дэлхий дээрх газрыг олж, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулах нь нэн чухал байгаа аж. Монгол залуус энэ боломжийг олж харан “Mars-V” төслийг санаачилсан байна. Төслийн хамт олон өөрсдийн зорилгыг “Марсын сургуулилалтын академи, сансрын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулах” гэж тодорхойлсон байна. Тэд “Сансарт нисэх, шинэ гараг дээр очих нь зөвхөн сансрын нисгэгчдэд олдох ховор завшаан биш болно. Манай төсөл хэрэгжвэл хүмүүст монголын говийн орчинд яг Марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх болно” гэж ярьсан юм. 


Оддын зөөврийн театр

Ж.Гүррагчаа "Монголчууд билгийн нүдээрээ аль эрт сансарт байсан улс гэж би ойлгодог." /Энэ талаарх ярилцлагыг ЭНД дарж уншина уу./

Монголчуудын оюун санаа одон гарагтай ойр байж ирсэн. Өдөр нь нарыг гайхширч, шөнө нь оддыг тоолдог. Хөл хорионоос болж аялж, зугаалахгүй болохоор биднээс бүр холдох шиг. Гэхдээ технологи өндөр хөгжсөн өнөө үед одот тэнгэрийг алган дээрээ тавьсан мэт харах боломж үүсчээ. Оддын театр нь зөөврийн гэсэн тодотголтой боловч чанартай, дуу дүрс, эффикттэй үзвэр гэдгээрээ онцлог юм.