Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд өнөөдрөөс эхлэн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийж эхэллээ. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх шалгалтад нийт 50 обьектийг хамруулах юм.

Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч, холбогдох албан тушаалтнууд хамтран явуулна.

Шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд түр хугацаанд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах юм байна.

Шалгалтын нэгдсэн дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.