ТӨК-ийн засаглал эдийн засгийн сэтгүүлчдийн анхаарлын төвд орлоо

Л.Дэлгэрмаа
05 сарын 08, 2026

“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” (МЭЗСК) нь “Нээлттэй нийгэм форум” (ННФ)-ын дэмжлэгтэйгээр “Төрийн өмчит уул уурхайн компаниудад тавих иргэний хяналтыг мэргэжлийн сэтгүүл зүйгээр идэвхжүүлэх нь” хоёр дахь тэтгэлэгт төслөө амжилттай эхлүүллээ. Төслийн нээлт энэ сарын 7-нд буюу пүрэв гарагт ННФ-ын байранд боллоо.

Энэхүү төсөл төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, худалдан авах ажиллагаа болон цалин урамшуулал, тогтвортой хөгжлийн талаар олон нийтэд тэнцвэртэй, хараат бус, бодит мэдээлэл хүргэх замаар мэргэжлийн сэтгүүл зүйн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал урилгаар оролцож, сэтгүүлчдийн хөндөж буй сэдвийг төрийн бодлого шийдвэрт тусгах, өгөгдөл, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. 

Мөн ННФ-ын Байгалийн баялгийн засаглалын менежер Д.Эрдэнэчимэг “ННФ нийтийн баялгийн ашиглалт, зарцуулалтыг хариуцлагатай болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр бодлогын болон өгөгдлийн судалгаа шинжилгээ хийж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн иргэний нийгэм, сэтгүүлчдийн чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлууд хийж ирлээ. Энэ хүрээнд ТӨК-иудын удирдлага, засаглал, төсөв хөрөнгийн зарцуулалтад анхаарах, засах шаардлагатай асуудлуудыг өгөгдлийн шинжилгээ, сэтгүүл зүйн бүтээлээр дамжуулан олон нийт, бодлого боловсруулагчдын анхааралд хүргэн, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлээр Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар болсон. Энэхүү төслийн хүрээнд  ТӨК-иудын засаглал, төсвийн зарцуулалтад тулгарч буй асуудлуудыг өгөгдлийн шинжилгээ, эрэн сурвалжлах бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэх, энэхүү асуудалд бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулж, шийдэл эрэлхийлсэн хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна” гэлээ.

Нийт таван сарын хугацаанд үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд МЭЗСК-ийн гишүүд дээрх сэдвээр 10 орчим сэтгүүл зүйн бүтээл туурвиж, олон нийтэд хүргэнэ.

Уг төслийн тэтгэлгийг ННФ олгож байгаа бол мэргэжлийн мэдлэг туршлага, оюун санааны дэмжлэг үзүүлэх ментороор

  • АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, 

  • МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн З.Ган-Очир, 

  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, СЭЗИС-ийн профессор Д.Гэрэлмаа, 

  • Ezasag.mn сайтын эрхлэгч бөгөөд “Төрийн өмчит уул уурхайн компанийг сурвалжлах нь” гарын авлагыг хамтран боловсруулсан Т.Энхбат, 

  • ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргал нар ажиллаж байна.

МЭЗСК нь хэрэгжүүлж буй төслөөраа дамжуулан сэтгүүлч хүн эрх чөлөөтэй, хараат бусаар нийтлэл нэвтрүүлэгээ бэлтгэх боломжийг бүрдүүлж, аль болох гишүүдийнхээ үндсэн ур чадварыг сайжруулж, нийгэм дэх мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьдог. Тиймээс ч энэ удаагийн төслийн нээлтээр олон улсын сэтгүүл зүйн практикт өргөн хэрэглэгддэг “Story pitch”-н арга зүйг ашиглан сэтгүүлчид сэдвээ хэрхэн “амь оруулж” менторуудад танилцуулахыг суралцаж, бодит бүтээл болгох зөвлөгөө, тэтгэлэгийн эрх авлаа. 

МЭЗСК нь өдөр тутмын сонин, сайт, телевиз, сэтгүүл, радио гээд олон талт хэлбэрээр мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл туурвидаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчдийн сурч, хөгжих, мэргэших талбар юм. 

Эргэн сануулахад, МЭЗСК нь 2025 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх Интегра санаачилга”-ын тэтгэлэгт төслийг амжилттай хэрэгжүүлж, төрийн өмчит уул уурхайн компаниудын мэдээллийн ил тод байдал, засаглалыг сайжруулах сэтгүүл зүйн контент бүтээж, олон нийтэд хүргэн, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага боловсруулсан.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.