Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 07, 2023
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр (2023.06.06) цахимаар уулзаж, харилцаа холбооны салбарт ногоон, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллахаар ярилцсан талаар салбарын сайд мэдээлэв.
НАМ ОРБИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГА ГАЗРЫН СТАНЦ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:
-"Старлинк" компани АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байна. Азид Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд, өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээ бий болгож байна.
Монгол шиг өргөн уудам газар нутагтай улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтэц бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн, хөдөө орон нутагт суугаа малчдад хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад, өнгөрсөн хугацаанд улсын гуравны нэгийг шилэн кабель болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1226 багт холболтууд хийсэн. Гэсэн ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээд дагуулж байгаа. Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтэц бий болгоно. Үүний тулд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
"Старлинк компани анх 2022 оны тавдугаар сарын 6-нд ХХЗХ-д Монголд компани байгуулаад, үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитыг хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд "Старлинк" компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн байсан. Нам орбитын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага газрын станц байгуулах шаардлагагүй.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, “Старлинк Монголиа” компани хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгоно. Долдугаар сард "Старлинк" компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрэхээ илэрхийлсэн.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.