Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.

Тус улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Пап Францисын айлчлал нь тус улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээрээ онцлог юм.

Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни өнгөрсөн Бямба гарагт “Ромын Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна” гэж мэдэгдэв. Энэхүү айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд өгөх юм байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард Ромын Пап Францис Монгол дахь католик сүмийн тэргүүн, Италийн хамба Жиоржио Маренгог Монгол дахь католик шашны анхны их хамба ламаар өргөмжилсөн. Маренго өнгөрсөн сард Ромд Паптай очиж уулзан, айлчлалын талаар ярилцжээ.

Францис Монголд айлчилж магадгүй талаараа анх өнгөрсөн хоёрдугаар сард Африкийн орнуудад айлчлаад буцах замдаа сэтгүүлч нарт ярьсан байна.

“Reuters” агентлаг мэдээлэхдээ, Монгол Улс 1300 орчим католик шашинтантай ч Хятадтай хил залгаа оршдог учраас Ромын католик сүмийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэжээ.

Ватиканы “Fides” номлолын үйл ажиллагааны мэдээллийн агентлаг “3.3 сая орчим хүн амтай Монголд 1300 орчим адис хүртсэн католик шашинтан бий” гэж мэдээлсэн байна.

АНУ-ын Төрийн Департамент “Хүн амынх нь 60 орчим хувь өөрсдийгөө шашин шүтлэгтэй гэж тодорхойлдог бол үлдсэн хэсэг нь шашин шүтдэггүй. Шашин шүтлэгтэй хүмүүсийн 87.1 хувь нь өөрсдийгөө буддистууд, 5.4 хувь нь лалын шашинтнууд, 4.2 хувь нь бөө мөргөлд, 2.2 хувь нь христэд итгэгчид, 1.1 хувь нь бусад шашныг дагагч” гэж тодорхойлдог аж.

Хэдийгээр Монгол дахь католик шашинтнуудын тоо олон орны ихэнх сүм хийдтэй харьцуулахад бага боловч Монгол Улс Ватиканд ихээхэн ач холбогдолтой. Учир нь Монгол Улс Хятадтай хиллэдэг, нягт харилцаатай. Харин Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байна гэжээ.

Католик шашинтнууд цөөн байдаг газруудад айлчлах нь мөн “дэлхий, нийгмийн гадна орхигдсон” гэж түүний нэрлэж байгаа асуудлууд, хүмүүст анхаарал хандуулах бодлогынх нь нэг хэсэг ажээ.

Францис Ромын 1.3 тэрбум гишүүнтэй католик сүмийн тэргүүний суудалд арван жил залрахдаа Баруун Европын ихэнх нийслэлд очиж үзээгүй юм байна.

Тэрбээр ирэх наймдугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Португалд айлчилж, Лиссабонд Олон улсын залуучуудын өдөрт зориулсан үйл ажиллагаанд оролцож, Фатимагийн дуганд зочлох ажээ. Тэрбээр мөн ирэх онд Энэтхэгт айлчилж магадгүй юм байна.