Хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах байгальд ээлтэй ногоон шийдлүүдийг таниулах өдөрлөг боллоо. 

Энэ удаагийн “Ногоон технологи-2022” өдөрлөгийг БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулсан юм.

Улаанбаатар хотод гэхэд л 144 мянган нүхэн жорлон байдаг ажээ. Эдгээр нь хөрсний бохирдол үүсгэж, шууд утгаар бидний амьдралын чанарт нөлөөлж буй. Энэ удаагийн өдөрлөгт оролцсон жорлон, халаалтын асуудлуудыг хөрс, гүний усыг бохирдуулахгүйгээр гаргасан шийдлүүдийг онцолж байна.

 

Бохирыг богино хугацаанд задлах “Жига” био идэвхжүүлэгч бактер



Жига ашигтай бактерийг монгол орны хөрсөн дэх цэвэр үүсгэврээс гарган авчээ.

 Био идэвхжүүлэгч бактери нь хүн, амьтны ялгасанд агуулагддаг өвчин үүсгэгч нян бактериудыг хоол тэжээлгүй болгох замаар устгадаг байна. 

Ингэснээр хөрс сийрэгжиж, байгалийн жамаараа сэргэх боломж бүрддэг ажээ. Энэ талаар Био ундарга бордооны үйлдвэрийн технологич Э.Удвал “Нүхэн жорлонтой жуулчны бааз, гэр хорооллоос муухай үнэртээд хэцүү байдаг шүү дээ. Дээрээс нь хүний ялгадастай хамт өвчин үүсгэгч нян бактериуд, задраагүй нэгдлүүд гадагшилдаг. Гол нь эдгээр бактериуд гүний ус, хөрсийг бохирдуулдаг асуудал өдий хүртэл шийдэгдэж чадаагүй л байна.

Бидний зүгээс нэгэн шийдэл гаргасан нь ялгадас задлагч био бактери юм. Ялгадас дахь нянгууд  идэвхгүй төлөвт байхдаа сөрөг нөлөө үзүүлэхгүй. Энэ үед нь био идэвхжүүлэгч бактери хийснээр хорт нэгдлүүдийг задалж, устгах боломжтой. Ингэснээр нүхэн жорлонгийн бохир гүний усанд шингэж амжилгүй задарч, хөрс нөхөн сэргээгддэг. Өтгөн лаг задарч байгаа учраас жорлон дүүрлээ гэж айх шаардлагагүйн дээр өмхий үнэр нь дагаад багасдаг.  Тэгэхээр нэгэнт барьчихсан энэ олон нүхэн жорлонгийн асуудлыг хамгийн богино хугацаанд шийдэх арга нь био идэвхжүүлэгч бактери юм” гэлээ. 

“Жига” био идэвхжүүлэгч бактери нь: 

 Лагийн хэмжээг 60 хувь хүртэл багасгадаг

Соруулдаг жорлонд хийснээр үлдэгдэл өтгөн үлдээхгүй

 Нүхэн жорлонгийнхоо хэмжээ, насжилт, ашигладаг хүний тооноос хамаарагд орц тунгийн дагуу жилдээ 1-2 удаа хэрэглэдэг. 


Модон жорлонг цогцоор нь солих шийдэл- Атмор брэнд


 

Атмор компани төвийн шугамд холбогдоогүй айлууд болоод жуулчны базуудад зориулан цэвэрлэх байгууламжийн системийг суурилуулдаг байна. Энэхүү бага оврын бие даасан цэвэрлэх байгууламж нь ОХУ-ын “Оникс” технологи юм.

 Оникс систем нь ахуйн бохир усыг бактерийн тусламжтайгаар цэвэршүүлж, хөрсөнд шингээх зарчмаар ажилладаг. 

Атмор компанийн төслийн менежер Б.Нямсүрэн “Оникс систем авсаархан мөртөө 1000 хүртэлх хүний цэвэр, бохирын асуудлыг цогцоор нь шийддэг. Ялангуяа жуулчны базуудад хамгийн тохирсон систем юм. Мөн цэвэрлэх байгууламжийг дулаалгатай хийсэн учраас хөлдөнө гэж айхгүйгээр жилийн 4 улиралд ашиглах боломжтой. Товчхондоо нэг суурилуулчихсан байхад 50 гаруй жил бохирын асуудалд санаа зовохгүй болно” гэв. 

 “Оникс” бага оврын цэвэрлэх байгууламж нь:

✔ ISO 9001 буюу Эрүүл ахуй, байгаль орчны стандартад нийцсэн

✔ Ахуйн бохирдлыг 98 хувь хүртэл шүүдэг 

Зэврэлтээс хамгаалах материалаар хийгдсэн

✔ Цахилгаан зарцуулалт бага