Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн ээлжит редакцын уулзалтаа өнөөдөр peak.mn сайтын сэтгүүлчидтэй хийлээ.

Энэ удаагийн уулзалтаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сайн туршлагууд, цахим орчинд хэвлэл мэдээллийн редакцийн баримтлах бодлого зэрэг редактор, сурвалжлагч нарт тулгардаг асуудал буюу ажлаа гүйцэтгэхдээ анхаарах ёстой зүйлсийн талаар ярилцаж зөвлөгөө өглөө.

Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.ГүнжидмааИргэний мэдэх эрхийн төлөө зүтгэж явдаг сэтгүүлчийн ажил бол чөлөөт мэргэжил. Сэтгүүл зүй хараат бус, ил тод байна гэдэг ардчиллын хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж байгаагийн илрэл. Үүнд сэтгүүлчийн үүрэг оролцоо чухал” гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр peak.mn сайтын ерөнхий эрхлэгч Ц.Цэрэндолгорт хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг гардуулж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримталж, Монголын сэтгүүл зүйд өөрсдийн гэсэн өнгө ялгарлаараа амжилттай ажиллахыг хүсэн ерөөв.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөх сэтгүүлчдийн баримтлах үндсэн гарын авлага юм.

2020 оны 10 дугаар сарын байдлаар “Худал мэдээлэл тараах” заалтыг агуулсан холбогдох хуулиудыг зөрчсөн эсэх асуудлаар прокурорын байгууллагад 206 хүн шалгагджээ. Үүнээс 8.7 хувь буюу 18 нь сэтгүүлчтэй холбоотой байсан бол 91 хувь нь иргэдээс үүдсэн гомдлууд байжээ. 

Сонирхуулахад Peak.mn вэб сайт нь байгуулагдсан цагаасаа хойш хувь хүний хөгжил, хүүхдийн хүмүүжил, боловсрол, тогтвортой хөгжил зэрэг сэдвийг нийтлэлийнхээ бодлогын нэг хэсэг болгож, уншигч хэрэглэгчдийнхээ өмнө ёс зүйн өндөр хариуцлага хүлээж ирсэн редакц билээ.