Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадад баривчлан саатуулсан явдал нь анхнаасаа алдаа байсан бөгөөд алдаагаа даруй засч залруулна гэж Хятадын эрх баригчид үзэж байна хэмээн Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгджээ. Канадын шүүх Мэн Ваньжоуг батлан даалтаар суллах шийдвэр гаргасны дараа тэрбээр ийнхүү хэлсэн байна.

"Канад болон Америкийн засгийн газарт бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэд алдаагаа засч залруулан, Мэн Ваньжоуг суллана гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Мэн Ваньжоуг батлан даалтаар суллах тухай шийдвэрийг Канадын Дээд шүүх мягмар гарагт гаргасан. Батлан даалтад тэрбээр 7,5 сая ам.доллар төлөхөөр болсон юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Риа Новости