Күнз сургуулийн математикийн багш Н.Тогоохүүд Монгол Улсын Гавьяат багш цол олголоо

Peak.mn
07 сарын 08, 2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж Күнз сургуулийн математикийн багш Н.Тогоохүүд Монгол Улсын Гавьяат багш цол олголоо.

Н.Тогоохүү багш "Күнз" сургуулийн ерөнхий захирал Г.Өнөрсайханы хамт

Тэрбээр энэ тухайгаа “Юун түрүүнд  төрүүлж, өсгөсөн ээж, аав хоёртоо талархаад баршгүй. Миний аав Даваагийн Нямжав Монгол Улсын шинэ үсгийн анхны 17 багшийн нэг, алдартай багш хүн. Удам залган авсан энэ сайхан мэргэжлээ алдаршуулж, өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолоор шагнуулсандаа баяртай байна. Шагналаа авсан энэ мөчид мөр зэрэгцэн ажиллаж байсан багш нартаа, өдгөө ажиллаж буй Күнз сургуулийн хамт олондоо, үе үеийн шавь нартаа гүнээ талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэсэн юм. 

Нямжавын Тогоохүү багш боловсролын салбарт 41 дэх жилдээ ажиллаж, 10 мянга гаруй шавь бэлтгэсэн билээ. 

Шагналаа гардан аваад гарч ирж буй мөч

Тэрбээр 1964 онд Баянхонгор  аймгийн Баянговь суманд төрсөн.1981 онд Баянцагаан сумын 10 жилийн дунд  сургуулийн анхны 10-р ангийг алтан медальтай төгсөж 1981 онд МУИС-ийн математикийн ангид урилгаар орж суралцсан, 1986 онд МУИС-ийг математикч, математикийн багшаар, 2000 онд МУБИС-ийг Боловсрол судлалын магистраар суралцаж, төгссөн.


Н.Тогоохүү багш суралцагчдын  сэтгэх чадварыг хөгжүүлэх, математикийн хичээлийг амьдрал хэрэглээтэй холбох, гүнзгийрүүлэн сургах чиглэлээр улсад хоёр удаа багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэлд 2-р байр эзэлсэн. 

Түүнчлэн Сэтгэх чадварын улсын 7,8 дугаар олимпиадын алт, мөнгөн медальтай.

Баянхонгор аймагтаа Улсын математикийн 32-р олимпиад, Сэтгэх чадварын улсын 8-р олимпиадыг санаачлан зохион байгуулсан. Өөрийн нэрэмжит Математик-Сэтгэх чадварын аймаг бүсийн олимпиадыг долоон удаа зохион байгуулсан билээ.

Н.Тогоохүү багшийн 10 мянга гаруй шавь дундаас олон улсын болон улсын математик болон, сэтгэх чадварын олимпиадаас 20 гаруй, аймаг дүүргээс 160-аад медаль хүртсэн амжилттай.

Шавь Б.Даваадалайн хамт
 

Тэдгээрийн дотроос Математикийн ШУ-ны доктор Д.Цэдэвсүрэн /МУБИС-ийн багш/, доктор Ч.Гантөмөр /УМОЗБХорооны нарийн бичгийн дарга/, доктор Б.Бадамсүрэн /МУБИС багш/, доктор Б.Норжинбуу /МУБИС багш/, докторант Б.Даваадалай /Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх/, доктор Б.Мөнхбат /МУИС-ийн багш /, доктор Ж.Маргад-Эрдэнэ /ЦЕС-ийн багш/, доктор Б.Төрбат /МУБИС-ийн багш/, Д.Наранчимэг, Б.Энхмаа /СЭЗИС-ийн багш / зэрэг олон шавь нарыг дурдаж болно. 

"Багш хүн хүүхдийг хамгийн сайн ойлгож, сонсдог байх ёстой.

Энэ хүүхэд ямар хүн болох вэ, ямар чиглэлээр суралцах вэ гэдгийг багш хүн хамгийн эхэнд оношилж, түүнд нь тохирсон дэмжлэг, боломжийг нээж өгч байх учиртай" гэж Н.Тогоохүү багш хэлж байна.

Күнз сургуулийн хамт олон баяртайгаар хүлээн авлаа
Баярт мөчийг хуваалцахаар ирсэн гэр бүл, хамт олны хамт

Н.Тогоохүү нь багш  математикийн  гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийг дөрвөн удаа, 11-р ангийг гурван удаа, 12-р ангийг хоёр удаа, 9-р ангийг хоёр удаа, нийт 11 ангийг удирдан төгсгөсөн юм. Түүний удирдаж төгсгөсөн энэ жилийн математикийн гүнзгий 10а ангийн сурагч Б.Даваадалай, Б.Батбаяр нар 100%-ийн гүйцэтгэлээр математик хичээлээр ЭШ-ийн эхний байрт шалгарчээ. Мөн 32 суралцагчийн 27 буюу 84% нь 92%-ийн гүйцэтгэлтэй оноо авч, хүссэн их, дээд сургуульдаа элсэн оржээ.



Холбоотой сэдвүүд

багш гавьяат багш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.