МОСКВА. /TASS/. Колумбийн цэргийнхэн Валье-дель-Каука мужид тусгай ажиллагаа явуулсны дүнд 1 тонн гаруй кокайн хураан авсан тухай “EFE” агентлаг мэдээлсэн байна.

Кокайныг агуулахаас олж илрүүлжээ. Лаазалсан жимс бүхий тэмдэглэгээтэй савнууд дотор үнэн хэрэгтээ кокайн байсан аж. Нийт 2.9 мянган ширхэг савласан кокайны нийт жин нь 1.1 тонн болсон байна. 

Энэхүү кокайныг хууль бус наймаачид трактороор Картахен хотын боомт руу хүргэж, тэндээсээ Бельги рүү илгээхийг зорьж байсан аж. 

Хууль бус наймаачид хар тамхи бүхий ачааг Колумбаас Төв Америк руу гаргахыг оролдох тохиолдол олонтоо гардаг байна. Үүнтэй холбоотойгоор Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке өнгөрсөн оны 12 дугаар сард хар тамхийг түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэх шинэ кампанит ажлаа танилцуулсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг