Эцэг эхийн хайр, өөрийн хичээл зүтгэлийн хүчээр амжилтад хүрсэн Парисын паралимпын баатар

Peak.mn
09 сарын 05, 2024

“Парис-2024” зуны XVII Паралимпын наадамд Пара-сэлэлтийн төрлөөр хэдхэн цагийн  зайтай алт, мөнгөн медаль авсан Германы тамирчин Иосиа Тим Александр Топф олны анхаарлыг татаад байна. 

Тэрбээр TAR гэх төрөлхийн синдромтой төржээ. Энэ нь удамшлын шалтгаант ховор өвчин бөгөөд дээд мөчиндөө шууны ясгүй, хоёр хөл нь өвдөгний үегүйгээс ялгаатай урттай аж. 

Түүний ээж хэвлийдээ 28 долоо хоногтойд нь хүүгээ ийм синдромтойг мэджээ. Гэвч төрүүлэх шийдвэр гаргасан түүхтэй. 

Эцэг эх нь хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй гэж тусгаарлаж бөөцийлөх бус бие даалгахад нь тусалж өсгөсөн байна. 

Багаас нь түүнийг усан спортоор хичээллүүлж усан сангийн ирмэг хэсэг дээрээс амьсгалуулан дасгал хийлгэдэг байжээ. Ийнхүү цусны эргэлт хэвийн болгох дасгалыг тууштай хийлгэсэн нь түүнийг спортод дуртай нэгэн болгожээ. 

Иосиагийн ээж хүүгээ бассейндээ явах бүрд хамт явж, түүнийг дэмжиж ирсэн нэгэн. 

Энэ тухай эхэндээ хлорын үнэр таагүй санагдсан ч Иосиагийн минь хийх дуртай зүйл байсан тул дасчихсан гээд “Хэрэв миний хүү дуртай л бол түүнийг нь хийхдээ аз жаргалтай байх болно” гэж ярилцлагадаа дурдсан байдаг.

Ухаалаг хэрсүү аав ээжийнхээ халамжинд өссөн тэрбээр зургаан нас хүртлээ бусдаас өөр гэдгээ мэдрээгүй явсанаас үзэхэд цэцэрлэгийн багш нар түүнд хэр хандаж байсан нь мэдрэгдэнэ.

Ээж аав нь Иосиаг харамгүй хайраар хайрлаж өөртөө итгэлтэй хүн болгож өсгөсөн нь өнөөдрийн амжилт төдийгүй түүний амьдарч байгаагийн учир шалтгаан юм.

Иосиа биеэ даан амьдарч сурахын тулд жолооны дамжаанд хүртэл суусан. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бусдын хараа хяналтаас гарч бие даасаар буй энэ мэт хичээл зүтгэлүүд нь ганцаараа цагийг өнгөрөөж сурахад тус болжээ.

Анх тэрбээр 2018 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж паралимпид оролцох эрхээ баталгаажуулж байсан түүхтэй. 

18-хан насандаа Токиогийн паралимпад оролцсон ч медалийн тавцанд гарч чадалгүй, шагналт 5-р байр эзэлж буцсан гэдэг.

Гэсэн хэдий ч  илүү хүчирхэг, хичээл зүтгэлтэй тамирчин болсон гэдгээ батлан энэ удаагийн паралимпын наадмаас хоёр төрөлт хос медалийг энгэртээ зүүж тамирчны карьерынхаа оргилд хүрээд байна. 

Иосиа медалиа аваад “Намайг өдий зэрэгтэй явахын тулд гэр бүлийнхэн маань маш хүнд хэцүү үеүдийг туулсан. 

Эргээд харахад ард үлдсэн тэр хүнд хэцүү өдрүүд л энэ амжилтыг минь илүү амттай, утга учиртай болгож байна” хэмээн хэлсэн юм. 

Түүний чин сэтгэлийн үг олон хүний сэтгэлийг хөдөлгөж, хүсэл мөрөөдөлдөө тууштай тэмцэх нь заавал амжилтад хүргэдэг гэдгийг батлан харуулсан тод жишээ болсон билээ. 



Тэрээр цахим хуудсандаа “Сүүлийн хоёр өдөр үнэхээр гайхалтай байлаа. Энэ хүртэл намайг дэмжиж байсан дасгалжуулагчид, нийт хамт олон, эцэг эх, гэр бүл найз нөхөд болон дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлье! Цахим хуудаст маань нэг бүрчлэн хариу бичиж гүйцэхээргүй их мэндчилгээний үгс хүлээн авлаа. Маш их баярлалаа! 

Одоо 9-р сарын 6,7-нд болох тэмцээнүүдээ тэсэн ядан хүлээж байна” хэмээн бичсэн нь түүнийг ямар их урам зоригоор дүүрэн явааг харуулж байна. 

Эх сурвалж: swimsportnews.de

sportstudio


Бэлтгэсэн: Н.Жавхлан

Холбоотой сэдвүүд

олимп спорт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.