Хог хаягдлын менежментийн салбарын тогтвортой санхүүжилтийн шийдэл тодорхойлж, “Ногоон сан” байгуулах ажлын хэсгийн эхний уулзалтыг Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах “3R4UB” төслөөс өчигдөр (2023 оны 4-р сарын 27-ны өдөр) зохион байгууллаа. 

Хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар тойрог эдийн засгийг бий болгох нь 3R4UB төслийн зорьж буй нэг зорилго юм. Энэ үйл ажиллагааг цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн шийдлийг тодорхойлох ажлын хэсгийг 3R4UB төслийн хүрээнд байгуулсан. 

Ажлын хэсгийн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төсөл хариуцсан менежер М.Бямбарагчаа нар болон 3R4UB төслийн түнш байгууллагын төлөөлөл, Монголын банкны холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөллүүд оролцлоо. 

Уулзалтаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхойлж Хог хаягдлын менежментийн салбарын тогтвортой санхүүжилтийн шийдэл тодорхойлж, “Ногоон сан” байгуулах санаачилгын талаар донор болон хөнгөлөлттэй зээл олгогч байгууллагууд болон бусад оролцогч талуудын санал, сэтгэгдлийг сонсож, дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “3R4UB” төслийг БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба,Итали улсын Үндэсний судалгааны зөвлөл (CNR) болон Итали улсын “Метили Сервици” компаниуд хамтран хэрэгжүүлж байна.