Өмнөд Солонгост дүрвэн ирсэн БНАСАУ-ын иргэд болох 997 хүний хувийн мэдээллийг хакерууд хулгайлсан байна. Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамнаас мэдээлснээр, Умард Солонгосын дүрвэгчдийг суурьшуулах асуудлыг хариуцдаг “Ханавон” төвийн компьютерыг хакерджээ. 

Тус яамны мэдээллээр, Кёнсан-Пукто мужид оршдог “Ханавон” төвийн ажилтнуудын нэгийнх нь компьютерт хакерууд вирус халдаах замаар нэвтэрч, хатуу дискэнд хадгалагдаж байсан дүрвэгчдийн хувийн мэдээлэл бүхий файлыг хуулж авсан байна. Уг файлд умард солонгосчуудын нэр, төрсөн он, сар, өдөр, амьдарч буй хаяг хадгалаастай байжээ. Энэ хэргийн дараа эрх баригчид үлдсэн төвүүдэд томоохон шалгалт явуулсан боловч кибер аюул илрээгүй аж. 

Өмнөд Солонгост нийтдээ 25 ийм төв байдаг бөгөөд тус улсад амьдарч байгаа 30 мянган дүрвэгчдэд тусламж, дэмжлэг үзүүлдэг байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS