Хүдэрчулууны Хулан
06 сарын 14, 2025
Энх тайвны төлөөх 24 орны хамтарсан сургууль өнөөдөр нээлтээ хийж, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ёслолын парад боллоо. Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон 24 орны цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
"Хааны эрэлд-2025" өнөөдрөөс эхлээд 28-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн анги, Энэтхэгийн 40 цэргийн алба хаагчтай бүрэлдэхүүн, Өмнөд Солонгос, Турк, Вьетнам зэрэг орны 1200 алба хаагч оролцож байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тус сургуулийн нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган аливаа зөрчил, маргаантай асуудлыг улс төр-дипломатын аргаар, эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа боловч олон улсын аюулгүй байдлын нөхцөл улам бүр ээдрээтэй, тодорхой бус, урьд өмнө тохиолдож байгаагүй шинж чанартай болж буй энэ үед улс орнуудын эв санааны нэгдэл, хамтын хариуцлага, энхийг эрхэмлэх үзэл урьд урьдаас илүү чухал болж байна. Хааны эрэлд олон улсын сургуулийн үйл ажиллагаа нь энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс орнуудын хоорондын харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал гүүр болж ирсэн. Энэ сургуулийн цар хүрээ, хамрах оролцоо, агуулга, хөтөлбөр жилээс жилд өргөжин тэлж, дэлхий нийтийн энх тайвны төлөөх бодит хувь нэмрийн илэрхийлэл болсоор байна” гэж онцлон тэмдэглэсэн байна.



Монгол Улс болон АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр 2003 онд анх зохион байгуулсан. Харин 2006 оноос хүрээгээ тэлж, дэлхийн 70 гаруй орны 20 мянга орчим цэргийн алба хаагчийг хамруулаад байгаа уг сургууль нь энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.