Монголд төрсөн гурван казах Казахстаны шинэ парламентын бүрэлдэхүүнд сонгогджээ

Ч.Сумъяабазар
08 сарын 28, 2026

Казахстаны шинэ нэг танхимтай парламент буюу Курылтай өнөөдөр анхны хуралдаанаа эхлүүлсэн байна. Өмнөх хоёр танхимтай парламентын тогтолцоо халж, 145 гишүүнтэй нэг танхимтай хууль тогтоох байгууллага байгууллагдлаа. Үүнтэй зэрэгцэн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев наймдугаар сарын 28-нд Засгийн газраа татан буулгалаа. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах хүртэл одоогийн Засгийн газар үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна.

Казахстан улс шинэ Үндсэн хуулийн хүрээнд наймдугаар сарын 23-нд зохион байгуулсан сонгуульд 9.35 сая иргэн оролцож, ирц 74.08 хувьтай байжээ. 145 суудлын төлөө улс төрийн долоон хүчин өрсөлдсөнөөс тав нь таван хувийн босго давж, шинэ парламентын бүрэлдэхүүнд орсон байна.

Нам
Санал
Суудал
“Әділет”
71.17%
110
“Ауыл”
6.26%
10
Respublica
5.56%
9
“Ақ жол”
5.21%
8
Үндэсний социал-демократ нам
5.11%
8

Ингэснээр шинэ Курылтайн дөрвөн суудал тутмын гурав орчим нь “Әділет” намын төлөөлөл болж байна. Казахстаны ХААН нам болон “Байтақ” ногоон нам таван хувийн босго давж чадсангүй. 

Шинэ парламентын бүрэлдэхүүн

Казахстаны Төв сонгуулийн хороо наймдугаар сарын 27-нд 145 гишүүнийг албан ёсоор бүртгэж, бүрэн эрхийг нь эхлүүлсэн байна. Шинэ Курылтайн 49 гишүүн буюу 33 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байна. Үүнээс “Әділет” намаас 37, “Ауыл”-аас дөрөв, Respublica-аас гурав, Үндэсний социал-демократ намаас хоёр, “Ақ жол”-оос хоёр эмэгтэй сонгогджээ. Шинэ Курылтайд өмнөх парламентын гишүүдээс гадна бизнес эрхлэгчид, эрдэмтэд, төрийн албан хаагчид, нийгмийн зүтгэлтнүүд багтжээ. 

Тухайлбал “Әділет” намаас:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын өмнөх дарга, намын дарга Айбек Дәдебай

  • Боловсролын сайд асан Асхат Аймагамбетов

  • Хууль зүйн ухааны доктор, өмнөх парламентын гишүүн Үнзила Шапак

  • Улс төрч Айдос Сарым

  • Өмнөх парламентын гишүүн Жанарбек Әшімжан

  • Монгол Улсад төрсөн Жарқынбек Амантайұлы зэрэг хүмүүс сонгогджээ.

Энэ сонгуулийн анхаарал татсан нэг зүйл нь Монголд төрсөн казах иргэд Казахстаны хууль тогтоох дээд байгууллагад дахин төлөөлөлтэй болсон явдал юм. Казахстаны шинэ парламентын сонгуулийн дараа Монголд төрж өссөн казах гаралтай гурван улс төрч шинэ парламентын бүрэлдэхүүнд багтжээ. Тэдний дунд хуульч, профессор Үнзила Шапак, боловсролын салбарын мэргэжилтэн Нургүл Тау, сэтгүүлч Жаркынбек Амантайулы нар байна. Тэд өмнө нь ч 2023 онд Мажилисын VIII удаагийн бүрэлдэхүүнд сонгогдож байсан бөгөөд энэ удаагийн шинэ парламентын сонгуулиар дахин хууль тогтоох байгууллагад гурвуулаа зэрэгцэн багтсан нь анхаарал татахуйц тохиолдол юм. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.