Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Улаанбаатар хотноо “Мөсөн өргөө”-нд энэ сарын 15-нд эхэлсэн. 2023 оны ДАШТ ОХУ-д явагдах байсан ч нөхцөл байдлын улмаас өөрчлөгдөж, Монгол Улс 2022 оны дөрөвдүгээр сард ДАШТ зохион байгуулах эрхээ авсан билээ.

Энэхүү тэмцээнд гадаадын 50 орны 600 гаруй тамирчин оролцож буй бөгөөд дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг өсгөж, нийт 10 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд үр нөлөө үзүүлж байгаа ажээ.

Өнөөдөр (2023.07.19) эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна. 

Өчигдөр насанд хүрэгчдийн нэ-ваза буюу ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэлсэн. “Улаанбаатар-2023” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 85 кг, -94 кг, эмэгтэйчүүдийн 45 кг, -70 кг, +70 болон хосын төрлийн тэмцээн болж өндөрлөв. 94 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, Азийн жюү жицүгийн холбооны шилдэг тамирчин Б.Гантулга ОХУ-ын тамирчинтай таарч, 8:2 оноогоор ялагдсан.

Нэ-ваза төрлийн эхний таван жингийн медальтнууд тодорч, ОУХМ Б.Хулан хүрэл медаль хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөө дэлхийн чансааны 5-д эрэмблэгдсэн, дэлхийн мөнгө, хүрэлтэй, тивийн аваргын 2 алт, 2 мөнгөтэй Иорданы Яра Какиштай өрсөлдөж, 3:0 харьцаагаар ялсан юм.

Жюү жицүгийн ДАШТ-ий эхний хоёр өдөр мастерс ангиллын тэмцээн болж, нийт 16 орны тамирчид медаль хүртсэнээс Монголын тамирчид 10 алт, 13 мөнгө, 13 хүрэл медальтай тэргүүлсэн байна.

Тэмцээний гурав дахь өдөр файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 62 кг, 77 кг, 94 кг, +94, эмэгтэйчүүдийн 63 кг, +70 кг болон шоу холимог төрлийн өрсөлдөөнүүд болсон билээ.

Улаанбаатар хотод үргэлжилж буй Жюү жицүгийн ДАШТ-ий дэвжээн дээр ОХУ-ын тамирчид Жюү жицүгийн холбоо (JJIF) -ны нэр дор гарч өрсөлдөж буй юм. Тэмцээний эхний өдөр нэ-ваза төрлийн 69 кг-д ОХУ-ын тамирчин Булат Атласов, файтингийн 85 кг-д Коротких Евгений нар мөнгөн медаль хүртсэн билээ.