Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 12, 2026
Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг Ерөнхийлөгчийн зарлигаар батлах хүсэлт хүргүүлжээ.
Тус хүсэлтийг 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Үндсэн хуульд тунхагласан “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Иймд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхийлөгчтэй уулзаж, хамтын ажиллагааны бодлогын орчны талаар санал солилцсон байна.
Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Иргэний орон зайг тэлэх хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж, төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах шаардлагатай гэсэн байр сууринд нэгдсэн аж.
Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 30-нд 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон “Хөгжлийн төлөө түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх” чуулганаар уг баримт бичгийн төслийг танилцуулж, олон талын санал тусган эцэслэн боловсруулжээ.
Бодлогын баримт бичгийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавих үйл явцад төрийн бус байгууллагын тэгш оролцоог хангах, иргэний нийгмийн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх заалтуудтай уялдуулан боловсруулсан гэж тайлбарлажээ.
Санаачлагчдын үзэж буйгаар энэхүү баримт бичгийг баталснаар:
Төр, иргэний нийгмийн түншлэлийн эрх зүйн орчин боловсронгуй болох
Иргэдийн бодит оролцоо, хяналтын механизм бэхжих
Иргэний нийгмийн байгууллагуудын тогтвортой, хараат бус үйл ажиллагаанд дэмжлэг болох
Иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийн шинэчлэлийн суурь бүрдэх зэрэг үр нөлөө гарна гэж тооцоолжээ.
Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, төртэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Тус албан бичигт бодлогын баримт бичгийн 15 нүүр бүхий төсөл болон дэмжигч байгууллагуудын жагсаалтыг хавсаргасан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.