Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 15, 2023
“Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулуу байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11, 12-нд болж өндөрлөлөө. Тус наадамд 3000 орчим уртын дуучин, морин хуурч, ардын авьяастан оролцож, дуу хуураа өргөн барив.
Энэхүү наадмыг Дундговь аймгийн ЗДТГ, “Норовбанзад” сан, Соёлын яам хамтран зохион байгуулсан юм. Наадмын хүрээнд их дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Их хүндэтгэл”, Эрдэнэтийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн “Эрт урьдын цагт”, Ж.Дорждагвын нэрэмжит ”Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүдийн “Нарны хүүхдүүд”, Дундговь аймгийн ардын авьяастнуудын “Өв соёл” отогийн “Нүүдлийн өв соёл” дөрвөн улирлын гэр музей бүхий “Нүүдлийн аялгуу” зэрэг урлагийн тоглолт боллоо.
Мөн Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, УГЖ Ц.Чулуунцэцэг тэргүүтэй Дундговь аймгийн 15 сумын төлөөлөл уртын дуучин, морин хуурч, бүжигчид, ардын авьяастнууд зэрэг 3000 орчим уран бүтээлч "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт хийв.
"Уяхан замбуутивийн наран" урлагийн их наадамд тус аймгийн сумдын 150 ардын авьяастан, аймгийн төв Мандалговиос 700 гаруй дуучин, морин хуурч, урлаг соёлын зүтгэлтэн оролцжээ. Нийтдээ 3200 орчим урлагийнхан болон зохион байгуулагчид их наадмын хүрээнд ажиллажээ.
Наадмыг зохион байгуулагчид "Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга, Монгол Улсын гавьяат жүжигчин, хиийлч Ч.Дэлгэрцэцэг, СТА Л.Нарангэрэл, "Хар сарнай" хамтлаг, "Дэлхий" хамтлаг оролцсон “Тэнгэр газрын дуун” хүндэтгэлийн тоглолт болсон нь тус их наадмыг аймаг, орон нутгийн чанартай биш, улсын хэмжээний урлаг соёлын их наадам болгох эхлэлийг тавилаа" хэмээн онцлов.
”Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 12-ны өглөө өглөөний нарыг угтах ёслол боллоо. Их газрын чулуу дахь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фүкүокагийн соёлын шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадад зориулан 2006 онд босгосон гэрэлт хөшөө дээр болсон энэхүү арга хэмжээний үеэр уртын дуучид, морин хуурч, бүжигчдийн нар угтсан товч урлагийн тоглолт болж, энд хуран цугларсан олон нийт нар тосон хурайлах ёслол хийв.
Ёслолын ажиллагаанд оролцсон "Норовбанзад" сангийн тэргүүн, их уртын дуучийн охин Б.Дэлгэрмаа тус сангаас саяхан Япон улсад хэвлүүлсэн алдарт уртын дуучин Н.Норовбанзадын дуулсан уртын дуунуудыг дээжилсэн "Уяхан замбуутивийн наран" алтан пянзыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад гардуулж, гэрэлт хөшөөг анх барьсан түүх болон ээжийнхээ талаар товч дурссан юм. Их дуучин Н.Норовбанзадын төрсөн гэрийн буурь бүхий Сүүдэртийн улаан овоо гэрэлт хөшөөнөөс 2 км гаруй зайд байдаг ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.