АНУ-ын Засгийн газар Хятадын Huawei компанийг шалгаж эхэлжээ. Тус компанийг Америкийн түншүүдээсээ арилжааны мэдээлэл хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа тухай The Wall Street Journal сонин лхагва гарагт мэдээлсэн байна.

The Wall Street Journal сонины эх сурвалжуудын мэдээлснээр, шүүх ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр удахгүй ял тодорхойлж магадгүй. Арилжааны нууц бүхий мэдээллийг хулгайлсан хэрэгт Huawei холбоотой байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. Уг мэдээлэл нь Америкийн T-Mobile компанийн ухаалаг утас туршихад ашигласан төхөөрөмжтэй холбоотой бололтой.

Huawei компанийн нэр дээр хэд хэдэн гомдол мэдүүлсний дараа мөрдөн шалгалтыг эхлүүлсэн гэж The Wall Street Journal сонинд гарсан мэдээлэлд дурджээ. 2017 онд Сиэтл хотод болсон шүүх хуралд T-Mobile компанийн эзэмшдэг технологийг хууль бусаар эзэмшсэн хэрэгт Huawei буруутай нь тогтоогдсон байна. Тухайн үед T-Mobile компанид 4.8 сая ам.доллар төлөхийг Huawei-д үүрэг болгожээ.

Дээрх мэдээлэлд АНУ-ын Хууль зүйн яам болон Huawei компани одоогоор албан ёсоор тайлбар хийгээгүй байна.

Huawei компани нь ухаалаг утас үйлдвэрлэгч Хятадын тэргүүлэх компаниудын нэг юм. 2017 онд тус компани 47.5 тэрбум юань буюу 7.5 тэрбум гаруй ам.долларын цэвэр ашиг олжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS