Өмнөд Солонгосын JTBC телевизийн "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлэг Монголд зураг авалтаа хийсэн. Тус нэвтрүүлэг наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын JTBC телевизээр цацагдахаар болжээ. 

"Монгол дахь шууданч" нэртэй энэхүү нэвтрүүлгээр найдвартай хүргэлтийн дэд бүтэцгүй Монгол Улсад илгээмж хүргэж буй тухай гарах юм байна. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэгт оролцогчид болох Солонгосын алдартай жүжигчин, дуучид Монголын өргөн уудам тал нутагт шуудангийн хүргэлтийн үйлчилгээ хийх бөгөөд 2000 км замыг хэрхэн туулсан тухай гарах ажээ. 

JTBC-ийн “Couriers in Mongolia” нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор жүжигчин Жан Хьюг, Ча Тэ-хёнь, Хон Гюн, Кан Хун дуучин Хон Гён Мин, Ким Жон күк нар өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Монголд ирсэн билээ.

Энэхүү нэвтрүүлгийн танилцуулгад "“Couriers in Mongolia” шоу нэвтрүүлгээс Швейцарийн Альпийн нуруу, Египетийн элсэн цөл, Хятадын Шаолины сүм, Газар дундын тэнгисийн эрэг, Аляска, Шинэ Зеланд, АНУ-ын баруун хэсэг, Хавайн арлыг санагдуулам үзэсгэлэнт байгалийн олон янзын өнгө төрх харагдах "Дэлхийн жижигрүүлсэн хувилбар Монгол" хэмээн онцолсон байна.

Өмнө нь нэвтрүүлгийн тухайд "бусад нэвтрүүлгээс онцгой ялгарах бүтэцтэй бөгөөд харь оронд өрнөх үйл явдал, сэтгэл хөдлөл үзэгчдийг уйдаахгүй" хэмээх тайлбартай мэдээлэл цацагджээ.