Дэлхийг байлдан дагуулж буй "BTS" хамтлагийн ахлагч RM санамсаргүй хэлсэн үгнээсээ болж асуудалд оржээ. 

АНУ Солонгосын харилцааны ойг тэмдэглэх үеэр шагнал авах үеэр тус хамтлагийн ахлагч RM "Манай хоёр орны хамтдаа туулсан гашуун түүхийг бид үргэлж санах болно. Тоолж баршгүй олон хүн энэ дайнд амь үрэгдсэн" хэмээн хэлсэн юм. Учир нь Солонгосын дайнд 200 мянган өмнөд солонгос цэрэг, 36 мянган америк, олон сая энгийн иргэд амь насаа алдсан юм. Хятадын зүгээс 180 мянган хятад цэрэг амь насаа алдсан хэмээн үздэг. Одоог хүртэл уг асуудал эмзэг асуудал хэвээр байгаа билээ.

Тиймээс түүний энэхүү үг Хятадын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлжээ. Бухимдсан хятадууд "Тэд Хятадаас мөнгө олох эрхгүй. Хэрэв Хятадаас мөнгө олохыг хүсвэл биднийг ойлгох ёстой" хэмээн бичсэн юм. 

Хятадад "BTS" хамтлаг 5 сая гаруй фэнтэй юм. 

Хятадын төрийн өмчит Глобал таймс сонинд Хятадын интернэт хэрэглэгч нар Солонгосын дайны талаар ярихдаа хэт нэг талыг ярьсан хэмээн шүүмжилж байгаа талаар бичжээ.

Тус хамтлагийн энэ жилийн уран бүтээл "Динамайт" гэдэг дуу гараад 1 хоногийн дотор 101 сая хандалт авсан юм.