Саруулын Ариунжаргал
08 сарын 13, 2019
СӨҮЛ. /KBS/. БНАСАУ-ын хакерчдын кибер халдлагын гол зорилго нь БНСУ хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-д хориг арга хэмжээ авах асуудал хариуцсан хорооны илтгэлд дурджээ.
БНАСАУ-ын 17 улсад үйлдсэн гэх 35 кибер халдлагад мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийжээ. Кибер халдлага үйлдсэн 10 тохиолдол нь БНСУ-д чиглэгдсэн байсан бол 3 нь Энэтхэгт, 2 нь Бангладеш болон Чилид тус бүр чиглэсэн байжээ.
БНАСАУ-ын хакерчид санхүүгийн байгууллагууд болон криптовалютын биржүүдээс 2 тэрбум орчим ам.долларыг хулгайлжээ хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
БНАСАУ-ын эрх баригчидтай холбоотой гэх APT38 хакерчдын бүлэг иймэрхүү төрлийн гэмт хэрэгт холбогдсон хэмээн компьютерын аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн Америкийн FireEye компани өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэгдэж байжээ.
БНАСАУ-д үзүүлэх эдийн засгийн шахалт болон хориг арга хэмжээ нэмэгдэхийн хэрээр 2014 оны 2 дугаар сараас хойш APT38 бүлэг янз бүрийн банкнуудын эсрэг явуулж буй үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх болсон хэмээн “FireEye” компани үзэж байгаа аж. Гэмт этгээдүүд эхлээд Зүүн Өмнөд Азийн улсуудад халдаж байсан бол дараа нь Африк, Латин Америкийн улсууд дахь санхүүгийн байгууллагууд руу кибер халдлага үйлдэх болжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.