ВЕНА. /BBC/. “Манай улсын Гадаад хэргийн яамыг онилсон цахим халдлагыг өөр улс үйлдсэн байж болзошгүй бөгөөд уг үйл ажиллагааг нэн даруй илрүүлж, хариу арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлсэн” гэж гэж Австрийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Уг цахим халдлага бямба гарагийн шөнө эхэлсэн бөгөөд хэдэн өдрийн турш үргэлжилж магадгүй байсан гэж мэргэжилтнүүд хэлжээ. Австрийн Ногоон нам консервативчуудтай эвсэл байгуулах саналыг дэмжсэн өдөр уг халдлага болсон байна.

Аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлсэн хэдий ч цахим халдлагуудаас 100% хамгаалах боломжгүй гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Мөн халдлагыг үйлдсэн байдлаас үзэхэд өөр улс орон оролцсон байж болзошгүй ажээ. 

Өмнө нь Европын хэд хэдэн орон үүнтэй төстэй халдлагад өртсөн байна. Жишээ дурдвал, 2018 оны гуравдугаар сард Германы Засгийн газрын Мэдээллийн технологийн сүлжээ “маш ноцтой” халдлагад өртсөн бөгөөд үүнд Оросын бүлэглэлийг буруутгаж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг