АШУҮИС-д гадаадын 9 орны 310 оюутан сурч байна

Д.ЭРДЭНЭТУЯА
09 сарын 02, 2023

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль энэ жил 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийж, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяатууд, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцсон байна.

Монгол Улсад анхны их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх зорилтоо биелүүлэхийн төлөө тус сургуулийн хамт олон хичээн, тодорхой үр дүнд хүрч, олон улсын олон төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч зөвхөн өнгөрсөн жил 42 шинэ төслийг эхлүүлжээ.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын суурь боловсон хүчний 80 гаруй хувийг бэлтгэдэг том сургуульд шинээр элссэн хүүхдүүд, эмч болохоор сурч буй оюутнууд, ирээдүйн эмч, мэргэжилтнийг бэлтгэх үйлст хүчин зүтгэж буй эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж хэлсэн үгэндээ “АШУҮИС Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болгосон нь оюутан суралцагчдад төдийгүй багш, судлаач, эрдэмтдэд мэргэжлээрээ өсөн дэвших боломж олгож буй хэрэг. Үүнийг дагаад сургалтын чанарт маш том ахиц гарна гэдэгт итгэлтэй байна" гэв. 

Монголдоо хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэдэг байсан АШУҮИС олон улсын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлснээр гадаад орноос оюутнууд олноор сурах болжээ. Өдгөө тус сургуульд гадаадын есөн улсаас 300 гаруй оюутан сурч байгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй сургалтын чанар нь ямар түвшинд хүрснийг харуулах маш том үзүүлэлт билээ.

АШУҮИС харъяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд энэ хичээлийн жилд нийт 16 мянга гаруй оюутантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулна. Тэдгээрээс 1961 нь бүрэлдэхүүн сургуулиудад, 830 нь орон нутагт шинээр элссэн оюутнууд юм. Цаашид оюутны тоог тогтвортой хэмжээнд барих бөгөөд тооноос чанарт анхаарах нь тус сургуулийн томоохон бодлого ажээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.