Даваа гарагт шилжих шөнө Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд болсон кино болон телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг“ наадмын шагнал гардуулах ёслолыг АНУ-д 18.6 сая хүн зурагтаар үзсэн нь өнгөрсөн оныхоос ойролцоогоор 400 мянгаар буурсан үзүүлэлт болох тухай The Hollywood Reporter сэтгүүлд мэдээлжээ.

Дээрх тоон үзүүлэлтийг шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулсан телевизийн NBC сувгаас өгсөн мэдээлэлд үндэслэн гаргасан аж. Сүүлийн жилүүдэд телевизийн алдартай шоунуудын чансаа байнга буурч байгааг харгалзан үзвэл уг ёслолыг үзэгчдийн тоо харьцангуй бага хэмжээгээр цөөрсөн байна гэж сэтгүүлийн мэдээлэлд дурдсан байна.

“Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулахын өмнө америк хөл бөмбөгийн тэмцээнийг үзүүлсэн нь үзэгчдийн анхаарлыг татахад зарим талаар тус болжээ.

Судалгааны Nielsen компанийн мэдээллээс үзвэл, 2018 онд “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг 19 сая хүн зурагтаар үзэж байсан бол 2017 онд 20 сая, 2016 онд 18.5 сая, 2015 онд 19.3 сая хүн үзэж байв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС