П.Мөнгөнсор
11 сарын 24, 2023
Нийслэлийн Захиргаанаас Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж байгаа бөгөөд далан дагуу цэвэр усны гол магистрал шугам байдаг аж. Цэвэр усны магистрал шугамын аюулгүй байдлыг хангаж, хүчитгэл хийн, асфальтан хучилттай зам тавихаар 2022 оны арванхоёрдугаар сард төсвийн магадалгааг хийжээ. Тус төсөвт газар чөлөөлөлтийн зардал ороогүй бөгөөд дүүргийн удирдлагууд газар чөлөөлөлтийн зардал, бүтээн байгуулалтын төсвийг бүрэн шийдэж өгөхийг Хотын даргаас хүслээ.
Тухайн орчмын өрхүүд далан дагаж, ойролцоох сургууль, цэцэрлэг рүү алхдаг бөгөөд зундаа Нарантуул худалдааны төв рүү чиглэсэн автомашинуудаас тоосжилт ихээр үүсдэг байна. Тиймээс авто замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Харин даланг хамгаалж, хайс, хашлага хийх юм.
Баянзүрх дүүргийн гурван хороог хамарсан, 40 мянга гаруй айл өрхөд чухал ач холбогдолтой уг зам ашиглалтад орсноор тухайн орчмын түгжрэлийг бууруулахад нөлөөтэй гэж дүүргийн удирдлагууд үзэж байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.