Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа талууд онцлов.

Мөн энэ үеэр “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллана. Тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.  

Тухайлбал, аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулж, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Энэ хүрээнд авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг,  боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ. Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.