Афганистаны 40 сая хүн амын 24 сая нь өлсгөлөнд нэрвэгджээ

Л.Дэлгэрмаа
02 сарын 22, 2022

Афганистаны хэвлэл мэдээллийн "Ariana News" тус улсын нэг хүнд ногдох орлого энэ жил 350 ам.доллар болж буурна хэмээн мэдээллээ. 

Афганистаны нэг хүнд ногдох жилийн орлого 2012 онд 650 ам.доллар байсан бол 2020 онд 500 ам.доллар болж буурч, энэ онд бүр 350 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. 

Өнгөрсөн наймдугаар сард Талибууд засгийн эрхэнд гарснаас хойш Афганистан улс валютын байнгын хомсдолд нэрвэгдэж, ган гачиг зэрэг байгалийн гамшигт өртсөөр байгаа юм.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр Афганистаны 40 сая хүн амын 24 сая нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа гэнэ. 

Афганистаны гадны орнууд дахь есөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг царцааж, төсвийн зардлын 75 гаруй хувийг бүрдүүлдэг гадаадын тусламж багассан нь эдийн засгийн хүндрэлийг улам бүр хурцадмал байдалд хүргээд байна.

Тайланд дурьдсанчлан Афган эрчүүдийн ажилгүйдлийн түвшин 2019 онд 15 хувьтай байсан бол энэ онд 29 хувь болж өсөх төлөвтэй байна.

Зах зээл дээрх бэлэн мөнгө хомсдолтой байгаа төдийгүй үндэсний мөнгөн тэмдэгт “афгани”-г нэмж зах зээлд нийлүүлэх боломж тун бага байгаа нь тодорхой болжээ. Учир нь Талибаны эрх баригчдад мөнгөн тэмдэгт хэвлэх технологи хараахан байхгүй юм.

Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарт нэг, хоёрдугаар сарын цалинг олгохоор шийдвэрлэжээ.

194 мянга гаруй багш дэмжлэгт хамрагдаж, сарын дундаж цалин 100 орчим ам.доллар болсон байна.

Холбоотой сэдвүүд

афганистан дэлхий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.