Серби, Тайланд улсуудын хооронд өрнөсөн гар бөмбөгийн тоглолтын үеэр Серби улсын тоглогч болчимгүй үйлдэл гаргаснаар олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд авчээ.

Энэ сарын эхэнд Итали улсад болсон тоглолтын үеэр Сербийн гар бөмбөгийн багийн тоглогч Санья Дюрдевич өөрийн зовхийг гараараа хоёр тийш татаж, өрсөлдөгчдөө шоглож байгаа бичлэг олон нийтэд дэлгэгдсэн байна. 

Тус үйлдлийн тухайд нарийн тайлбар өгвөөс, ази хүмүүс ихэнхдээ онигор нүдтэй байдаг тул европчууд шоглон өөрсдийн давхраатай, хүнхэр нүдний зовхийг сунгаж татан элдэвлэдэг ба үүнийг олон улсад ази хүмүүсийг доромжилсон үйлдэл хэмээн хүлээн авдаг юм.

Тоглолтын бичлэгийн дундуур түүний зохисгүй үйлдэл гаргаж байгааг анзаарсан үзэгчид олон нийтийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлж, Саньяг хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхийг шаардан олны гарын үсгийг ч цуглуулаад амжжээ. 

Тэгвэл үр дүнд нь Олон улсын гар бөмбөгийн холбооны Үндэсний гар бөмбөгийн лигээс Саньяд сахилгын шийтгэл оноож, 2 тоглолтын турш тоглох эрхийг нь хасжээ. Мөн Сербийн гар бөмбөгийн холбоо 20 мянга гаруй ам.доллараар торгуулсан байна. 

Лигийн зүгээс өнгөрөгч 8-ны өдөр мэдэгдэл хийсэн ньОлон улсын гар бөмбөгийн холбооны дэргэдэх Сахилгын хороо нь холбооны зохион байгуулж буй тэмцээнүүдийн хүрээнд сахилга бат, дэг журмыг сахиулах үүрэгтэй билээ. 

Тэгвэл тус хорооноос Сербийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Санья Дюрдевич 6 дугаар сарын 1-ний өдрийн Тайланд, Сербийн тоглолтын үеэр холбооны сахилга батын журмыг зөрчсөн болохыг олж мэдсэн юм. 

Хатагтай Дюрдевич өөрийн зохисгүй үйлдлийнхээ хариуд 2 тоглолт өнжих шийтгэл хүлээсэн. Тиймээс энэ сарын 8 болоод 12-ны өдрүүдэд болох Бельги, Канадын эсрэг тоглолтыг тэрээр үзэгчийн суудлаас үзнэ. Түүнчлэн Сербийн гар бөмбөгийн холбоонд 20 мянган щвейцарь франкийн торгууль ногдуулсан.

Тус торгуулийн мөнгийг Олон улсын гар бөмбөгийн холбоо ялгаварлан гадуурхлын эсрэг үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага эсхүл соёлын эмзэглэлийн хүрээнд боловсрол олгох хөтөлбөрийг санхүүжүүлж, хандив өргөхөд ашиглах болно” хэмээжээ.


Санья Дюрдевич ч уг явдлын дараагаар албан ёсоор уучлал гуйсан бөгөөд тоглолтын төгсгөлд Тайландын багаас шууд хүлцэл өчсөн гэдгээ учирлажээ.

Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа. “Би зөвхөн багийнхандаа хандаж “Одоо бид тэдэн шиг хамгаалж тоглох болно” гэж хэлэхийг хүссэн. Би хэнийг ч үл хүндэтгэхийг оролдоогүй” гэж бичсэн байна. 

Төдөлгүй тэр инстаграм хуудсаа идэвхгүй болгосон юм.


Сербийн гар бөмбөгийн холбооны зүгээс хүмүүсийг тухайн үйл явдлыг дэвэргэхгүй байхыг хүссэн ч хэдэн сарын өмнө АНУ-д ази гаралтай хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдээс үүдэн олон нийтийн дунд энэ сэдэв их эмзэг тусаж байгаа ажээ.



Эх сурвалж: UNILAD