Малайзын өсвөр насны охин инстаграмдаа санал асуулга явуулсны дараа амиа егүүтгэжээ

Э.Мөнхтуяа
05 сарын 17, 2019

Зүүн Малайзаас гаралтай 16 настай охин өөрийнхаа амийг хорлох эсэх талаар инстаграм дагагч нарынхаа дунд санал асуулга явуулсны эцэст харамсалтайгаар амиа егүүтгэжээ. Өнгөрсөн даваа гарагийн шөнө  Саравакын Кучинг дахь орон сууцны гурван давхраас үсрэн, газар дээрээ нас барсан аж. 

Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад өсвөр насны охин цаашид амьдрах үгүйгээ шийдэхийн тулд, санал асуулга явуулахаар шийджээ. Тэрээр дагагч нартаа хоёр сонголт олгосон нь амьдрах (L), үхэх (D) байв. Санал асуулгад оролцсон дагагчдын 69 хувь нь D-г, 31 хувь нь L-г сонгожээ.

Өсвөр насны охины үхлийн дараа парламентийн гишүүн Рамкарпал Сингх охины сошиал медиагийн хаягаар эрэн сурвалжлага хийхийг даалгасан ба үхэлд хүргэсэн шалтгааныг олохыг хүссэн байна. Тэрээр "Энэ үйл явдлаас харахад хэрвээ дагагч нар нь амиа хорлохыг дэмжээгүй бол охин өдийд амьд мэнд байх боломжтой байсан" хэмээжээ. Санал асуулгаас гадна тэр Facebook хуудсандаа “WANNA QUIT F*CKING LIFE I’M TIRED” буюу энэ амьдралаас залхаж байна гэсэн утгатай пост бичин, Wechat-ийн статусаараа дамжуулан найз нөхдөөсөө салах ёс хийжээ. 

Цагдаагийн ахлах ажилтаны мэдээлснээр “Охины хойд эцэг нь Вьетнам бүсгүйтэй гэрлэн, гэртээ эргэж ирэх нь ховордсоноос охин сэтгэлээр унасан байсан” гэжээ. Түүний үхэлд буруутгах гэмт хэргийн сэжигтэн олдоогүй ч тухайн санал асуулгад үхэхийг уриалсан хүмүүст 20 хүртэлх жилийн ял оноох магадлалтай хэмээн мэдэгджээ.

Инстаграм нь охины гэр бүлд эмэгнэл илэрхийлж, хэрэглэгчиддээ аюулгүй орчиныг бий болгох үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйгаа мэдэгдсэн байна.



Эх сурвалж: nextshark.com

Холбоотой сэдвүүд

малайз интаграм

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.