Сонгуулийн үеэр улс орнуудын ард иргэд өөрсдийн саналыг нь хуурамчаар үйлдэх вий хэмээн битүүхэн санаа зовдог нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Тэгвэл Эстони улс 2005 оноос хойш сонгуулиа цахимаар явуулж байгаа ба хэрэв Эстони улсын иргэн л бол дэлхийн хаанаас ч сонгуулиа өгөх боломжтой юм.

Тэд өөрсдийн цахим үнэмлэхийг уншуулаад л хэдэн ч удаа саналаа өгч болох бөгөөд санал өгөх бүрд өмнөх санал нь хүчингүй болох зарчмаар нэг хүн нэг л санал өгөх ажээ. Энэ арга нь тэр чигтээ сонгуулийн санал луйвардах боломжгүй болгосон юм.

Гэсэн ч энэ бол ердөө л эхлэл төдий. АНУ-д л гэхэд татварын буцаан олголт авах бичиг цаасыг бүрдүүлж өгөхөд дунджаар ажлын 8 цагийг зарцуулдаг ба энэ нь мэдээж цалинд нөлөөлнө. Харин Эстони улсын хувьд төрийн бүх үйлчилгээ нь цахимжсанаар энэ төрлийн бичиг баримт бүрдүүлэлт ердөө таван минутын л ажил болжээ. 

Мөн Их Британи улстай харьцуулбал, тус улс хэдэн тэрбум паундыг мэдээллийн технологийн салбартаа зарцуулдаг ч одоог хүртэл хангалттай цахимжиж чадаагүй, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ нь өвчтөний өвчний түүхийн мэдээлэлд бүрэн зохицуулалт хийж чадаагүй байхад Эстони улсын хувьд хувийн болоод улсын эмнэлэг аль нь ч байлаа өвчтөний өвчний түүх хэрэгтэй үед хэзээ л бол хэзээ харж болох бөгөөд ингэснээр цаг хэмнэж, эмийн жорыг ч цахимаар олгох боломжтой болсон юм.

Эстон улс 1991 онд ЗХУ-ын захиргаанаас гарснаас хойш төрийн бүх л үйлчилгээг цахимжуулж эхэлсэн ба 2000 оны үед дэлхий нийт аналог утас ашиглаж байхад Эстони улс интернет сүлжээг ашиглаж байжээ. 

Өдгөө тус улсын нийтийн үйлчилгээний 99 хувь нь цахимжсан. Энэ нь нийт ажлын цагаас 1400 жилийг хэмнэж өгсөн гэсэн тооцоо байдаг байна.


Эх сурвалж: The Conversation