Үер усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Бохирдлоос үүдэн амь насаа алдахаас гадна,  жорлон, бохир усны цооног хальж, өтгөн шингэн ялгадас, бохир  хог хаягдлаар газрын хөрс, унд ахуйн ус, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вируст  гепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг.


Иймд иргэдэд  эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчинд өртөхөөс сэргийлж дараах зөвлөмжийг өгч байна.


1. Нэгдсэн журмаар цэвэр ус, хүнсээр хангах, ундны усыг сайтар буцалгаж хэрэглэх,
2. Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч  тогтсон шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэн зайлуулах,
3.  Иргэдэд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгаа, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг орон нутгийн телевиз болон радио, нийгмийн сүлжээгээр түгээх,
4.   Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч халдваргүйжүүлэлт хийх, энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг бохирдолтын  байдлаас  хамааран 3%, 5%, 10%-ийн хлорын  шохойн сүүн уусмал болон хуурай хэлбэрээр цацах, мөн хлор агуулсан жавелион, клорсептыг  халдваргүйтгэлд хэрэглэх,
5.    Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдайг зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисоор устгал хийх,
6.      Бохирлогдсон талбайд хүүхэд багачуудыг тоглуулахгүй байх,
7.      Гэр, орон байрандаа гадуур өмсдөг гутлаа тайлж сольж хэвших, гэртээ цэвэрлэгээ тогтмол хийх,
8.      Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа бохирлогдсон тухай бүрт гар угаах,
9.   Ундны ус хадгалах, нөөцлөх савыг тогтмол угааж, цэвэрлэх, шаардлагатай тохиолдолд ундны усыг хлоржуулах,
10.   Ил задгай булаг шандны ус, хашаандаа ухаж гаргасан гар худгийн уснаас хоол унд, ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх, ундны цэвэр усыг найдвартай бохирлогдоогүй эх үүсвэрээс авах,
11.    Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,

12.    Голын усны төвшин нэмэгдэж байгаа тул гол усруу орохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,13.    Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авч хэрэглэх,
14.    Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд устгах,
15.    Үерээр урсаж ирсэн малын сэг зэм, хог хаягдал, оршуулгын газрын үлдэгдлийг халдваргүйтгэн зайлуулан устгах,
16.  Үер усны гамшигт дайчлагдан ажиллаж байгаа мэргэжилтэн албан хаагчдыг гэдэсний халдвараас сэргийлэх арга хэмжээ авах, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх,
17.    Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах