Peak.mn
10 сарын 01, 2024
Өсвөр насны хүүхдүүд уур уцаараа зөв гадагшлуулж сураагүйгээс асуудалд орох нь элбэг. Мэдээж насны онцлогоос шалтгаалж сэтгэл зүйн тогтворгүй байдал орох ч энэ нь өөртэйгөө болоод сэтгэл зүйтэйгээ ажиллаж болохгүй гэсэн үг огтоос биш юм.
Тэгвэл өсвөр насныхан энэ үеэ эергээр даван гарч, сэтгэл зүйгээ удирдаж сурахад нь аав ээжүүдийн оролцоо чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдээ ойлгож дэмжихэд нь туслах дараах зөвлөмжүүдийг хүргэе.
#Хамт дасгал хөдөлгөөн хийгээрэй
Дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах нь хүний уурыг дарах шалгарсан арга юм. Ихэнх өсвөр насныхан уур нь хүрсэн үедээ бие махбодын ямар нэгэн зүйл хийх хүсэл нь давамгайлж байдаг. Энэхүү бие махбодын хариу үйлдлийг эергээр ашиглаж спортоор хичээллэх нь тэднийг эрүүл, зөв дадалд хөтөлнө.
#Өөрийгөө ойлгох боломж олгоорой
Өсвөр насныхан уур нь хүрэх үед хашхирах, уйлах гэх мэт тайвшрал хэрэгтэй байдаг тул тэдэнд ганцаараа байх хугацаа өгөхөд буруудахгүй. Ингэснээр илүү аюулгүй аргаар уураа гадагшлуулах боломжтой болно.
#Дуу хөгжмийн сайхныг мэдрүүл
Дуу хөгжим нь үгээрээ, аяараа хэцүү үед хань болж, тэвэрч өгч байдаг. Тийм учраас багаас нь тэднийг урлагтай ойрхон байлгаж гоо зүйн мэдрэмжтэй болгосноор өөрсдийн сэтгэл зүйг хэрхэн эмчлэхээ мэдэрч чадах юм.
#Юу уурыг нь хүргээд байгааг олох
Хүүхдүүд өөрсдийн уурыг хүргэж буй шалтгаанаа зөвөөр тодорхойлж чадвал сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцаж эхэлдэг. Тиймээс асуудал юу байна гэдгийг хүүхэдтэйгээ хамт эрж, хайж, ярилцаарай.
#Бүтээлч чадварыг нь хөгжүүлэх
Сэтгэл хөдлөлөө захирч чадахаа больсон үед түүнийгээ бичих эсвэл зурах гэх мэтээр гадагшлуулах нь зөв аргад тооцогддог. Таны зүгээс тэдэнд бичих үзэг цаас санал болгох нь том тус дэм болж байгаа хэрэг юм.
Хэрэв хүүхдийн тань уур хилэн таны шийдэж чадахаас хэтэрсэн түвшинд хүрсэн бол мэргэжлийн сэтгэл зүйч, эмчид хандахыг зөвлөж байна.
Бэлтгэсэн: Н.Жавхлан
Эх сурвалж: verywellmind.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.