Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх чухал. Тиймээс  "Гэр бүлийн үнэ цэн" зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд нийслэлийн 6 дүүргийн 700 гаруй иргэн мөн бусад албаны хүмүүсий төлөөлөл оролцож байна.

“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд хэрэгжиж буйтай давхцаж буй уг зөвлөгөөнөөр төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, эцэг эхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн дунд үүсэж буй зөрчил, тулгамдаж буй асуудал, хүүхэд хүмүүжүүлэх зөв арга барилын талаар ярилцлаа. 

 Энэ үеэр эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх 10 эерэг аргыг танилцууллаа.

Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга гэдэг нь үр дүнтэй бүтээлч аргаар хүүхдээ ойлгож хүмүүжүүлэх хэлбэр юм. 

1. Хүүхдээ магтан урамшуул 

Хүүхдүүдийг “Хүчтэй, шаламгай, авьяастай, хайр хүрэм, хэрсүү, ухаантай, сайхан”  хэмээн дөвийлгөн сайшаалтай хэллэг үргэлж дагалдах ёстой бөгөөд ямар ч олон юм бэ дээ гэж бүү төвөгшөөгөөрэй. Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга шүүмжлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг.

2. Тодорхой хэмжээний ажил даалгаж хүүхдийг багаас нь хөдөлмөрт сурга

Энэ нь тодорхой насанд нь тохирсон хариуцлага гэдгийг ойлгуулах арга юм. Бага гэлтгүй зүйлийг, заасан цаг хугацаанд хийж амжуулж сурсан дадал хүнийг насан туршид нь дагадаг.

3.Гэрийн дүрмийг тогтоо

Бид замын хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрмийг дагадаг шүү дээ. Үүн шиг гэртээ тодорхой хэмжээний дүрэм журам тогтоож болно. 

4. Хүүхдэд сонголт хийх боломж олго

Сонголт нь хүүхдийн бие даасан байдалд хамгийн нөлөөтэй зүйл. Томчууд бид хүүхдээрээ сонголт хийлгэхээсээ өмнө өөрсдөө л зааж зааварлах гээд байдаг дутагдалтай. Хэрэв сонголт хийж сурсан бол хүүхэд өсөж том болохдоо бие даасан хариуцлагатай хүн болон төлөвшдөг.

5. Засахаасаа, загнахаасаа өмнө ярилц

Ихэнх эцэг эхчүүд асуудлыг болоод өнгөрсний дараа шийдэх гэж оролддог. Үүний оронд ийм асуудал яагаад гараад байна вэ гэдгийг бодож тунгаа. Хүүхэдтэйгээ энэ талаар илэн далангуй ярилц, хүүхдээ сонс. Таныг хүүхэд байхад хэн ч сонсдоггүй байсан ч хамаагүй. Та хүүхдийнхээ үгийг анхааран сонс. Хэрвээ та тэднийг анхааран сонсвол тэр өөрийгөө эцэг эхтэйгээ нэг түвшинд тавьж, сэтгэн бодох чадвар нь сайжирч, өөртөө тулгарсан бэрхшээлүүдийг шийдэх зөв аргыг сонгож сурна. Бас таныг сонсоно.

6. Хүлээн зөвшөөр

Хүүхдийг яг байгаа байдлаар нь л хүлээн зөвшөөр. Хэн нэгэн хүүхэдтэй харьцуулж ярих нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж хүүхэд бие дааж өөртэй итгэлтэй хүн болж өсөхөд саад болж байдаг. 

7.Шийдвэр гаргах боломж олго

Тэдний зарим шийдвэр танд буруу юм шиг санагдаж бухимдуулсан ч хүүхдээ өөрөөр нь шийдвэр гаргуулж байгаарай. Ингэж байж л тэд өөртөө итгэлтэй, бие даах чадвартай болдог билээ.

8.Хүүхдээ хүндэл 

Таныг бага байхад хүмүүс тэр бүр хүндэлж байгаагүй, одоо ч гэсэн бүгд найр тавьдаггүй ч байж болох юм. Гэхдээ л та хүүхдээ хүндэл. Тэгснээр тэд өөрийгөө хүндэлж, бусдыг эрхэмлэж сурна.

9.Ухаалаг хориглолт тогтоож бай 

Эцэг эх нь хүүхэддээ бие махбодын шийтгэл үзүүлэхдээ түүнд хор хохирол учруулъя гэж боддоггүй. Гэвч зодож шийтгэсний улмаас хүүхэд бие махбод болон сэтгэл санааны эмгэгтэй болох, амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг. Тиймээс хүүхдээ зөвхөн ухаалаг хориглолт тогтоож түүнийгээ хүүхдэдээ зөвөөр ойлгуулаарай.

10. Хүүхэддээ айх, гуних боломж олго

“Том болсон хүүхэд уйлдаггүй юм” гэж зарим ээж аавууд хүүхдээ загнадаг. Харин ч эсэрэгээ уйлах нь хүний эрүүл мэндэд тустай. Ингэх нь уйтгар гуниг, айдаснаас ангижрахад тусалдаг юм.