Засгийн газар өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

Тодруулбал, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгогдохоор болж байгаа юм.

-  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, 10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтав.

-  Засгийн газрын гишүүд өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын 6 бүлэг, 12 дэд бүлэгтэй тайлантай танилцав. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал, 2016-2020 оны зарцуулалт, ирэх жилүүдэд сангийн эх үүсвэрийн төсөөлөл зэргийг тусгажээ. Тус тайланг төсвийн тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлж танилцуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

-  Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав. Тогтоол ёсоор автозамын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт,нормын дагуу нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгөхийг зам, зам байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болголоо.

-  Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.  1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.

- Мөн дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./