ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэгтэй ярилцлаа.


-Судлаачийн хувьд Хятад улс СOVID-19 вирусийг богино хугацаанд дарж чадсаныг хэрхэн үзэж байна вэ?

- Хятад улсад өмнө нь 2002-2003  онд SARS-CoV гэж нэрлэгдсэн түргэн тархац бүхий амьсгалын замын халдварт өвчиндэгдэж байсан түүх бий. Тухайн үед уламжлалт анагаах ухааны эм бэлдмэл, тариа зэргийг орчин үеийн анагаах ухааны эмчилгээтэй хослуулан хэрэглэж үр дүнд хүрсэн байдаг.Тиймээс ч энэ удаа өмнөх туршлага дээрээ түшиглэж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааг эргэн харсан байгаа юм. Ингээд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг зарим эмийн ургамлын экстракт зэргийг орчин үеийн анагаах ухааны эмчилгээтэй хоршуулан хэрэглэсэн нь бодит үр дүнд хүрчээ. 

Харин европчуудын хувьд үүн шиг барьцтай туршлага байгаагүй учраас нөхцөл байдал нь нэлээн хүндрэхэд нөлөөлөх шиг боллоо. Судлаачийн хувьд энэ талаар олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлэгдсэн 100 гаруй судалгааны бүтээлийг шүүж эмхэтгэсэн Биологийн олон улсын сэтгүүлийг (2020 он) олж уншаад ихэд олзуурхаж сууна. Энэхүү судалгааны бүтээлд COVID-19 буюу титэмт вирусийн эмчилгээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хэрэглэж зарим нэг үр дүнд хүрч байгаа талаар бичжээ. Тухайлбал уламжлалт эм танг орчин үеийн анагаах ухааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэснээр нас баралт багасаж, үндсэн шинж тэмдэгийг нь эрс багасгасан цаашид клиник судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай   талаар тоймлосон байна.

Эндээс үзэхэд өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанчаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино гэсэн үг байдгийг бидэнд сануулж байна.


-Судалгаанаас үзэхэд COVID-19 халдварыг эмчлэхэд орсон уламжлалт анагаах ухааны жорд ямар өвс ургамал орж байна вэ?

-Эрдэмтдийн судалгааны үр дүнг үзэхэд Монголчуудын маань уламжлалт анагаах ухаандаа эртнээс хэрэглэж ирсэн Чихэр өвс, Сарьслаг хунчир, Дэрэвгэр жиргэрүү, Гүүн хөх зэрэг нэлээд эмийн ургамал багтжээ. Бүгдээрээ тодорхой хэмжээгээр вирус, бактери, үрэвсэл, хавдрын эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг гэдгээрээ онцлогтой.  Судлаачид энэхүү ургамлуудыг ургаж байгаа газар нутгийн онцлогоос хамаарч эмийн бодисын үйлчилгээ харилцан адилгүй талаар бичжээ. Мөн эмчилгээнд хэрхэн хэрэглэж ямар үр дүнд хүрсэн талаар ч олон эрдэмтэн судлаачдын үр дүнгүүдээс ишлэн танилцуулсан байна.  

Гүүн хөх


-Энэ дундаас Чихэр өвсийг Монголчууд бид сайн мэднэ. Яг ямар шимт чанартай ургамал юм бол?

-Чихэр өвсийг дэлхийн хэмжээний ховор ургамлын нэг гэж үздэг. Хүн төрөлхтөн бүр МЭӨ үеэс анагаах ухаандаа ашиглаж ирсэн. Энэхүү ургамал нь 100 гаруй биологийн идэвхт нэгдлийг агуулдаг. Одоог хүртэл эрдэмтэд судалж эмт чанарыг нь нээсээр л байна. Саяхан гэхэд Хятад улсын судлаачид чихэр өвснөөс  3 төрлийн полисахарид ялган авч, тэдгээрийн нэг нь дархлааг дэмжих маш өндөр идэвхтэй болохыг тогтоож, цаашид хавдар эмчлэх, дархлааны системийг дэмжихэд туслах эм гаргаж авахад чухал ач холбогдолтой талаар “Биомолекул (2020)” сэтгүүлд хэвлүүлсэн байсан. 

Чихэр өвс нь бидний мэдэх ханиадны эмээс гадна сүрьеэ үүсгэгч болон гэдэсний савханцар бичил биетийг устгадаг, үрэвслийн эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй ургамал шүү дээ. Сүүлийн үед ДОХ, амьсгалын цочмог халтай хам шинж өвчин, гепатит В, С зэрэг вирусийн эсрэг эмийн жорд орж байгаа талаар олон улсын судлаачид бүтээлдээ өгүүлсэн байдаг юм билээ. Ийм ач тустай, эрдэмтэй эмийн ургамал учраас Хятадад төдийгүй дэлхийн улс орнууд  эм, хүнс болон техникийн гэх мэт олон чиглэлээр хэрэглэдэг. 

Чихэр өвс

Мөн Чихэр өвсийг уламжлалт болон  биотехнологийн аргаар ургуулах, голлох үйлчилгээтэй глицирризиний агууламжийг нэмэгдүүлэх, ген, молекулын түвшинд судлах зэргээр олон чиглэлийн туршилт судалгааны ажлууд дэлхийн олон улс орнуудад хийгдэж байна. Тухайлбал Хятад улсын Бээжин хотын Ойн их сургуулийн судлаачдын “Хүнсний шинжлэх ухаан технологи ”(2020) сэтгүүлд Урал чихэр өвсөнд агуулагдах флавонойдийн агууламжийг биотехнологийн аргаар ургуулан зэрлэг ургамлынхаас илүү гарцтай болгож, нэмэгдүүлэх боломжтой талаар судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн байсан нь манай лабораторид хийгдэж буй судалгааны ажлын чиглэлтэй ойролцоо учраас ихэд анхаарч, шимтэн уншлаа.


Япон улсад гэхэд чихэр өвс ургадаггүй, тэгсэн хэрнээ судлаачид нь тарималжуулах, эм бэлдмэл гаргаж авах чиглэлээр маш үр бүтээлтэй ажиллаж байна.


- Сайн гэсний сургаар Чихэр өвс, Хунчир, Дэрэвгэр жиргэрүүг хэрэглэсний улмаас харшлын эмгэг нэлээн илэрсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Уламжлалт анагаах ухааны танд орж буй эдгээр эмийн ургамлын клиник судалгааны ажил одоо л хийгдэж байна. Дөнгөж туршилт судалгааны түвшинд яваа гэсэн үг. 

Олон улсын судалгааны бүтээлд ч сайн чанарыг нь онцлохын хажуугаар аль нэг эд эрхтэнд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлж болох эсэхийг судлах шаардлагатайг бичсэн байсан. Иймээс сайн гэж хэлэнгүүт л шууд худалдан авч, дангаар нь ихээр хэрэглэх нь сөрөг үр дагавартай. Яг ямар эмт чанартай, яаж хэрэглэх жорыг нь мэдэхгүй хэрнээ нийгмийн сүлжээнд бие биедээ зөвлөж байгааг хараад судлаачийн хувьд санаа зовдог. 

Жишээ нь Чихэр өвс, Хунчир зэргийг их хэмжээгээр худалдан авч дангаар нь хэрэглэснээс болж харшил, хууч өвчнөө сэдрээж байна. Чихэр өвс гэхэд маш их чихэрлэг агуулдаг. Иймээс чихрийн шижинтэй хүн хамаагүй ууж болдоггүй. Хүүхдэд уулгадаг ханиадны танд гэхэд чихэр өвснөөс гадна дахиад 3 ургамал ордог. Дангаараа биш бусад ургамалтайгаа нийлж тан болж байгаа биз. Үүнээс гадна тухайн хүн ямар өвчин хуучтайгаас шалтгаалж ууж болох эсэх нь өөр учраас уламжлалтын эмч нар хүн тус бүрчлэн заавар өгдөг. Бас нэг зөвлөж хэлэх зүйл нь эмийн ургамлыг түүхийгээр нь бус боловсруулсан бүтээгдэхүүн хэлбэрээр нь ашиглахыг зөвлөе. Дахиад зөвлөх зүйл нь мөн л бүтээгдэхүүнээр хэрэглэхдээ ч гэсэн тухайн ургамлын ууж хэрэглэх зааврыг сайтар мөрдөх ёстой. 

Дэрэвгэр жиргэрүү

Сүүлийн үед мэдээлэл ихэссэнтэй холбоотой янз бүрийн эх сурвалжаас зөвхөн in vitro, in vivo буюу туршилтын анхан шатны сайн гэсэн үр дүнг дуулж мэдээд хуйларцгаах болжээ. Ийм мэдээллийн сургаар л тэр ургамлыг хошууран авч хэрэглэх сонирхол ард нийтийн дунд ихээхэн байгааа. Үүнийг сайтар бодууштай. Аливаа эмийн ургамлын судалгаа туршилт судалгааны эхний үр дүнгүүд гарч, цаашлаад клиник туршилтад ороод эм бүтээгдэхүүн болтол нэлээд цаг хугацаа шаардагддаг гэдгийг мэдэх ёстой.


-Бас эмийн ургамал эм болохын тулд түүдэг цаг хугацаатай, хатаах арга нь ч өөр байдаг гэдэг үнэн үү?

-Сайн гэж хуйлрахаас өмнө бодож мэдэх зүйл их бий. Жишээ нь Чихэр өвс гэхэд 4 жил ургасны дараагаас л фармакопийн шаардлага хангасан эмт чанартай болж эхэлдэг. 

Түүх хугацаа нь ч ургамал тус бүрдээ өөр өөр шүү дээ. Эмийн ургамалд химийн бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа алкалойд өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэйг мэдэх нь чухал.  

Манай орны ургамлууд төрөл зүйл нь бага ч гэсэн байгаль нь онгон дагшин учраас эмт чанар өндөртэй. Гэтэл манайхан Чихэр өвс, Хунчир зэргийг нас гүйцсэн байгалийн эмт чанар өндөртэйг нь сорчлон түүж гадагшаа хулгайгаар гаргаж байна уу даа гэдэгт сэтгэл зовнидог. Нэг биш жишээ ч дуулдах юм. Саяхан гэхэд байгалийн ургамлын хуулиараа хориглосон Дэрэвгэр жиргэрүүгийн 1 тонн үрийг гадагшаа гаргах гэж байгаад баригдсан талаар мэдээ сонссон. 


-Цар тахал гарснаас хойш Азийн орнууд уламжлалт эм, эмчилгээндээ ихээхэн анхаарч байна. Манай улс энэ тал дээр хэр зэрэг анхаарал хандуулж байна вэ?


-Манай оронд ч гэсэн сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр нэлээд ажлууд хийгдэж, эм тан үйлдвэрлэх болон эрдэмтэн судлаачид идэвх санаачлагатай ажилладаг. Цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх болон эмчилгээний асуудлаар ЭМЯ, Уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид, байгууллага хамт олон идэвх санаачлагатай ажиллаж байгаа гэж бодож байна. 

Гэвч яг үнэндээ орчин үеийн шинэ техник, технологийг хэрэглэх, нарийн багажит анализ дээр эх орны хөрсөн дээр ургасан ургамлыг туршиж судлах тал дээр хүндрэлтэй хэвээрээ. Бодит байдал дээр өндөр түвшний судалгааг ихэнхдээ гадаадад, эсвэл гадны судлаачидтай хамтран хийж байна шүү дээ. Цаашид шинжлэх ухааны нарийн мэргэшил эзэмшсэн судлаачдадаа шаардлагатай багаж төхөөрөмжөөр нь хангаж, хөрөнгө оруулалт хийж,  дэмжиж ажиллаасай л гэж хүсдэг.  

Тэгвэл судлаач залуучууд маань эх орондоо ажиллана, нэмүү өртөг шингэсэн, өндөр технологитой бүтээгдэхүүн бий болно, үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Мөн уламжлалт эмийн үйлдвэрүүдэд тангаа хийх эмийн  ургамлаа тариалахад төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх нь чухал. Ингэснээр эм тангаа хийгээд ард түмэндээ өгч, илүү гарсныг нь гадагшаа гаргаж ч болно. Энэ цар тахлын үед уламжлалт анагаах ухааны ач тусыг таньж судлахыг онцгойлон анхаарч байна. 

Монголчууд бид айлаас эрэхээр авдраа уудла гэж ярьдаг, ухаж үзвэл их зүйл бидэнд бий. Гэхдээ судалгааны түвшинд улсаас анхаарах нь чухал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 


-Танай Биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн хувьд ургамлын ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?


-Манай лабораторийн хамт олон 1990-ээд оноос эхлэн Монгол орны ашигт болон нэн ховор, ховор эмийн ургамлуудыг биотехнологийн аргаар ургуулах, нөөцийг нэмэгдүүлэх, генофондыг хамгаалах чиглэлээр суурь судалгааны болон төсөлт ажлуудыг амжилттай  гүйцэтгэж ирсэн. Тухайлбал бидний сайн мэдэх Урал чихэр өвс, Эгэл өмхий өвс, Эмийн бамбай, Лидэр, Нарийн навчит цахилдаг гэх мэт ургамлуудыг эд, эсийн өсгөврийн аргаар ургуулах, тэдгээрийн ашигт бодисыг тодорхойлох зэргээр ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол оронд ургадаг ургамлуудын дотроос уламжлалт эм танд нэг номероор ордог, нэн ховор эмийн ургамал болох Эгэл годил өвс буюу шудаг ургамлыг  биотехнологийн аргаар ургуулан “Монг эм ХХК”-ийн эмийн ургамлын плантацид шилжүүлэн тарьж ургуулаад байна. Мөн Урал чихэр өвс болон морин шарилж ургамлын голлох үйлчилгээтэй хоёрдогч бодисыг генийн инженерчлэлийн аргаар нэмэгдүүлэх талаар туршилт судалгааны ажлыг эхлүүлсэн.