Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Соёлын биет бус өв болон чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлагдсан болохыг зарласан юм. Мөн тэрбээр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр энэ үеэрээ шинэхэн албатайгаа танилцаж газрын дарга нартай уулзсан гэв. Сэтгүүлчид зарим нэр бүхий албан тушаалтанг халсан эсэхийг асууж тодруулахад ийм асуудал гараагүй, яамны үйл ажиллагаа жигд хэвийн үргэлжилж байна гэлээ. 

Боловсролын салбарын томоохон асуудал болох хөтөлбөр агуулгын тухайд ялангуяа ЕБС-ийн бага дунд боловсролын сурагчдын үзэж буй сургалтын хөтөлбөр хэт шахуу байгааг дурьдлаа. Тэрбээр энэ талаар.

"Цөм" хөтөлбөрт маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гээд оруулчихсан. Үүнээс болоод сурагчдын ачаалал хэвийн хэмжээнээс асар их нэмэгдчихсэн. Тухайлбал 12 дугаар ангийн хүүхэд өдөр болгон 7 цагаар хичээллэж байна. Үүнийг судлах үзэх ёстой. Анги тус бүрээр нь хүүхэд ямар ачаалал авах ёстойг, хэдэн төрлийн хичээлийг, яаж үзэх хэрэгтэйг, дэлхий нийтийн норм стандарт ямар байгааг, манай улс ямар хэмжээнд явааг ойрын үед судла гэдгийг судалгааны байгууллагууд, Боловсролын хүрээлэнд даалгасан. Үндсэндээ "Цөм" хөтөлбөрийг эргэн харж хүүхдүүдэд ирэх ачааллыг багасгах тал дээр эргэн харах цаг нь болсон. Бага ангийн хүүхэд өглөө 8 цагт гэрээсээ гараад үдээс хойш 4-5 цагт гэртээ орж ирдэг гэж эцэг эхчүүд гомдоллож байна. Бага боловсролын сургалтын чанар сайн байсан бол өнөөдөр их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын чанарын асуудал ийм түвшинд байх ёсгүй. Миний хувьд ажиллах хугацаа бага байгаа учраас хэрэгжиж буй хөтөлбөрийг засаж сайжруулах зүйлийг нь хасаж танана. Аль болох нэмэж шинэ туршилт явуулахгүйг хичээнэ. Сурах бичгийн тухайд ч агуулгын хувьд эргэн харах, нягтлах зүйл бий. Манай яам "Цөм" хөтөлбөрийн хүрээнд хэрэглэж буй сурах бичгүүдийг боловсруулж дуусаж байна. Үүнээс хойш сурах бичиг боловсруулах, шинэ сурах бичиг гаргах ажил зогсоно.