• Япон хөгшрөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг.
  • Зарим настай иргэд албаар хулгайн хэрэг үйлдэн шоронд ордог бөгөөд шоронгийн амьдралыг, гадаад амьдралаас илүүд үздэг гэж Bloomberg мэдээлжээ.
  • Японы засгийн газар шоронд хоригдож байгаа ахмадуудыг яахаа мэдэхгүй байгаа аж.

Японы хүн ам нь дэлхийд насжилтаараа тэргүүлдэг ба нийт хүн амын гурвны нэг нь 65-аас дээш насныхан байдаг.

Иргэдийн өндөр насжилт нь Японы санхүүгийн систем болон худалдааны салбарт аль хэдийн дарамт учруулж эхэлжээ. Гэвч сүүлийн жилүүдэд өөр нэг гэнэтийн хандлага ажиглагдаж байна. Энэ нь Японы настангууд жижиг гэмт хэрэг үйлдэж, үлдсэн өдрүүдээ шоронд өнгөрөөхийг илүүд үзэх болжээ.

"Bloomberg"-ийн мэдээлсэнээр ахмад настныг хамарсан гомдол, баривчлах ажиллагаа нь сүүлийн арван жилд дөрөв дахин нэмэгдсэн байна. Хорих ангиудад таван хоригдол тутмын нэг нь ахмад настан байгаа юм. Тэдний арван хүн тутмын 9 нь настай эмэгтэйчүүд бөгөөд ихэнхдээ шоронд орохын тулд дэлгүүрээс шалихгүй зүйл хулгайлдаг аж.

Энэхүү өвөрмөц үзэгдэл нь улс орны өндөр настай хүн амыг халамжлах халамжын асуудлаас үүдэлтэй. 1985-аас 2015 оны хооронд ганцаараа амьдардаг Японы ахмадуудын тоо 600 хувиар өссөн байна. Хоригдож байгаа ахмад настангуудын тал хувь нь ганцаараа амьдардаг гэж мэдэгджээ. Засгийн газар өнгөрсөн жил тэдний 40 хувь нь гэр бүлгүй, эсвэл гэр бүлийнхэн нь тэдэнтэй бараг холбоо барьдаггүй гэдгийг олж тогтоосон байна.

Шоронгийн хоригдлуудад жилд 20,000 доллар зарцуулдаг бол настай хоригдлуудад тусгай халамж, эрүүл мэндийн үзлэг гээд илүү зардал гаргадаг. Мөн хорих ангиудын ажилтнууд асрамжын газрын ажилтны үүргийг гүйцэтгэх болсон байна. Тэдгээр ахмадууд шоронд хоригдож байхдаа илүү нийгэмшиж, гадаад ертөнцөд байдаг шиг ганцаардлыг мэдэрдэггүй гэж ярьжээ. Зөвхөн Японд ч биш бусад улс оронд хүмүүс сайн дураараа шоронд хоригддог гэнэ. АНУ-д гэхэд эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдах, цаг агаарын ширүүн нөхцөлөөс зайлсхийх, эсвэл мансуурах бодис хэрэглэхээс татгалзахын тулд зориудаар түгжигдэх тохиолдол гардаг.

Гэвч Японы асуудал бол эрх мэдэлтнүүдэд түгшүүртэй асуудал учруулж байгаа юм. Засгийн газар нийгмийн халамжийн тогтолцоо, нийгмийн үйлчилгээний хөтөлбөрөө сайжруулах замаар гэмт хэргийн асуудлуудтай тэмцэхийг оролдож байна гэж "Bloomberg"-т хэлсэн ч ахмад гэмт хэрэгтнүүдийн давалгаа ойрын хугацаанд тасрахгүй нь ээ.


Эх сурвалж: Business insider