Одоогоос найман жилийн өмнө дэлхийн 193 улс нэгдэж тогтвортой хөгжлийн 17 зорилгоо тодорхойлж, бүгд үүнийг хэрэгжүүлэхээр нэгдсэн. Энэ зорилгыг хэрэгжүүлж буй улс орнууд өөрсдийн хийж буй ажлаа үндэсний сайн дурын илтгэлээрээ танилцуулдаг уламжлалтай.

Монгол  Улсын хувьд хоёр дахь удаагийн сайн дурын илтгэлээ энэ оны 5-р сард олон улсад танилцуулсан. Ингээд өнгөрсөн хугацаанд чамгүй ахиц дэвшил гаргасан ч хангалтгүй байна гэдэг үнэлгээ авчээ. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ковид-19 цар тахлаас шалтгаалж, эдийн засгийн өсөлт буурснаас болж тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлж чадаагүй. Ингээд зогсохгүй зарим үзүүлэлт нь өмнөхөөсөө буурсан байна.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: 

    Тогтвортой хөгжлийн 17 зорилгын эхнийх нь болох ядуурлыг устгах зорилгын үзүүлэлтүүд буурсан. Тэртусмаа хот суурин газрын иргэдийн ядуурал, залуусын дундах ядуурал нэмэгдсэн. Тийм учраас ийм нөхцөл байдлыг бид тэвчих ёсгүй. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж дуусгах нь чухал. Ингэснээр Монгол улс алсын хараагаа хэрэгжүүлэх боломжоо бүрдүүлж, итгэл найдварыг бий болгож чадна. Үүний хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй гэж онцоллоо. 

Цаашид ийм байдалтай байвал ядуурлыг эцэс болгох, тэгш бус байдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилго-2030 хөтөлбөрийн тэргүүлэх зорилтууд хэрэгжих боломжгүйд хүрнэ.

Иймээс энэ оны 9-р сарын 18-19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдах Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж, маргааш тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна.

Энэ чуулганыг угтаж, өнөөдөр НҮБ-ийн Суурин зохицуулагчийн газар, “Тогтвортой хөгжлийн төлөө”  сэтгүүлчдийн клуб, ЭЗХЯ хамтран өглөөний уулзалт хийлээ.  

Уулзалтыг нээж НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мишра үг хэлсэн. Дараа нь Монгол Улсын ЗГ-аас хийж хэрэгжүүлж буй ажил, үүрэг амлалт, бодлого шийдвэртэй холбоотой мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан танилцуулав.

Эдийн засгийн хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан

Засгийн газраас Нью-Йорк хотноо зохион байгуулагдах Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-ын Дээд хэмжээний уулзалтад танилцуулах  Монгол Улсын үүрэг амлалт, хурдасгуур буюу тэргүүлэх 12 чиглэлийг  тодорхойлоод байна. 

  • Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх


  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх


  • Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх


  • Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах


  • Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох: Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх


  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах


  • Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх


  • Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах


  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах


  • Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах


  • Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих


  • Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх 

Тогтвортой хөгжлийн төлөөх эдгээр үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий үндэсний чуулган маргааш болно. 

Чуулганд бодлого боловсруулагчид болон Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй үндэсний компаниуд оролцож, өөрсдийн санаачилга, сайн туршлагаа хуваалцах юм.