2023-2024 оны хичээлийн жилийн ахлах сургуулийн нээлтийн үйл ажиллагаан дээр Шинэ Монгол сургуулийн 16 дугаар үеийн төгсөгч, Шинэ Монгол сургуулийн физикийн багш Г.Тэнгисболдын хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, эрхэм хүндэт төгсөгчид, эрхэм хүндэт эцэг эхчүүд, эрхэм хүндэт багш ажилчид, эрхэм хүндэт номын ах дүү нар, хайрт сурагчид аа, та бүхэнд хичээлийн шинэ жилийн гал халуун баярын мэндийг дэвшүүлье. Энэхүү баярт өдөр, нийт төгсөгчдөө төлөөлөн илтгэл тавих том боломжийг олгосон та бүхэндээ гүнээ талархаж байна.  

Миний бие Шинэ Монгол сургуулийн япон хэлний П.Баасансүрэн багштай 12-4 ангийг 2017 оны хавар, одоогоос 6 жилийн өмнө төгсөж байжээ. Сургуулиа төгсөөд Япон улсын засгийн газрын тэтгэлгийг хүртэх эрх авч, Япон улсын шилдэг сургуулийн нэг болох Токиогийн их сургуульд хими системийн инженер мэргэжлээр сураад ирсэн билээ. Харин одоо төрөлх Шинэ Монгол сургуульдаа буцан ирж, хайрт номын дүү нарынхаа физикийн багш болоод байна.

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн номын дүү нараа хараад өөрийн эрхгүй хуучны дурсамж минь сэргэнэ. Анх Шинэ Монгол сургуульд 10-р ангиасаа шилжин орж, 2014 оны 9 сарын 1-нд шинэ сургуультайгаа танилцаж амжаагүй, 14-хөн настай балчир хүү зогсож байлаа. 9 сарын 1-нд баяр хөөр, догдлолоор цээж дүүрч, өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй гайхалтай сургуулийн орчин намайг угтаж байлаа. Гэвч ахлах сургууль бодсон шиг тийм ч сайхан эхэлсэнгүй. 

Түвшин тогтоох шалгалт авахад л бүх юм тодорхой болсон байлаа. Математик дээр авсан оноо 18, эзлэх байр 86, физик дээр авсан оноо 50, эзлэх байр 93, хими дээр авсан оноо 46, эзлэх байр 50, биологи дээр авсан оноо 24, эзлэх байр 105, нийт оноогоороо үедээ 74-р байранд оров. 

Математик, физик, химийн хичээлүүдийн суурь тун муу байсан тул хичээлээс хоцрогдож, огт ойлгохгүй үе маш их байлаа. 

Геометрийн хичээл дээр Дашка багшийг самбар дээр тэгш өнцөгт гурвалжин зураад, косинус альфа, синус альфа гээд бичиж байхад түүнийг анх удаа харсан би “багшаа энэ кос, син гэж бичээд байгаа чинь юу гэсэн үг юм бэ? Альфа гэж юу байдаг юм?” гэж асууж байсан удаа ч бий. 

Гэхдээ би өөрийгөө өөрчлөхийг хичээж, жижиг зүйлсээс эхэлж өөрийгөө сайжруулсан. Эхлээд ахиж хэзээ ч PC тоглохгүй гэж өөртөө андгайлсан. 

Дараа нь өглөө бүр 7 цагт сургуульдаа ирээд 8 цаг хүртэл ном уншина гэж шийдсэн. Мэдэхгүй зүйлээ багш нараасаа, үеийнхээ найзуудаас ичсэн ч хамаагүй асууна гэж шийдсэн. 

Математик, физикийн сууриа сайжруулахын тулд 10-р ангийнхаа зуны амралтаар 7-р ангийн хүүхдүүдийн олимпиадын бэлтгэлийн сургалтад хүртэл сууж үзэж байлаа. Харин энэ бүх хичээл зүтгэл минь бага багаар надад хариугаа өгсөн юм. 10-р ангийн жилийн эцсийн шалгалтаар сургуульдаа 8-р байранд орж, 11-р ангидаа бүр 1-р байранд орж мөрөөдөл болсон төгсөгчдийн нэрэмжит “Урам” тэтгэлгийг авч чадсан. 12-р ангидаа биологийн дүүргийн олимпиадаас мөнгөн медаль хүртэж, хотын олимпиадад оролцож чадсан. Том амжилт биш ч өөрийн минь хувьд бол том амжилт байлаа. 

Япон явах мөрөөдөлдөө хөтлөгдөн япон хэлийг шамдан суралцаж, 10-р ангиасаа үзэж эхэлсэн ч сургуулиа төгсөхдөө N1 түвшинд хүрсэн байлаа. Японы их дээд сургуулиудад англи хэлний тэтгэлэгт хөтөлбөр байдгийг мэдэж байсан тул англи хэлээ ч сайжруулахыг зорьсон. 12-р ангидаа англи хэлний Мөнхзул багшаас өдөр бүр надтай 15 минут зөвхөн англиар яриач гэж гуйхад багш дуртайяа зөвшөөрч, анх англиар өөрийгөө илэрхийлж сурч байлаа. Үр дүнд нь TOEFL ibt-н 96 оноотой 12-р ангиа төгссөн.

Амьдралдаа спортын секц, дугуйланд хамрагдаж, тууштай хичээллэж үзээгүй байсан би Шинэ Монгол сургуульд ороод анх удаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн ч нэг л эвсэлгүй, хөл гар нийлэхгүй, өндөр минь ч дутагдаад, бууж өгмөөр санагдах үе зөндөө байлаа. Гэвч бууж өгөлгүй, Нэмэх багшийнхаа бэлтгэлд идэвхтэй хамрагдаж, сургуулийн шигшээ багийн гарааны тоглогч болж, баг хамт олноороо олон гайхалтай тэмцээнүүдэд оролцсон билээ. Биеийн тамирын Бурмаа багшийн зөвлөгөөгөөр гүйлт, уртын харайлтаар хичээллэж, дүүргийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс хүрэл медаль авч байлаа.

12-р ангийн намрын нэгэн хүйтэн орой сэнпай нарын Японы засгийн газрын тэтгэлгийн Монбушо шалгалтын хариу гарсан гэдгийг дуулав. Би ч догдолж сандран, сониучирхан тэр үеийн 14-р үеийн Адьяасүрэн сэнпай дээр очиход түүнийг уйлж байхыг харсан юм. Гэвч тэр гунигийн нулимс бус баярын нулимс байсан ба Адьяа эгч надад тэр орой өөрийн ашиглаж байсан математикийн номоо өгсөн юм. Учир нь тэр хэрвээ тэнцвэл номоо надад шилжүүлнэ гэж амласан байсан юм. 

Түүний номон дээр Адьяа эгчийн бичсэн “Хичээл зүтгэл хэзээ ч чамаас урвахгүй” гэж бичсэн байсныг одоо ч сайн санадаг юм.

Түүнээс хойш ч би хичээсэн, бас хичээл зүтгэлийн минь хариу надад ирсэн.

Энэ ном миний дараа 18-р үеийн Номинд өвлөгдсөн ба Номин ч мөн Монбушо шалгалтад тэнцсэн. Одоо ч энэ ном үеэс үед өвлөгдөн явсаар байгаа бөгөөд 22-р үеийн сурагчийн гарт очсон байна. Энэ бол Шинэ Монгол сургуулийн номын ахан дүүсийн холбоос, түүний хүч чадлын ердөө л нэг жижигхэн жишээ билээ.

Энэ яриаг сонсож байгаа та “Тэнгисболд өөрийнхөө талаар л яриад байх юм, өөрийгөө магтах күэ мөн их дуртай хүн юмаа” гэж бодож байж магадгүй. Гэхдээ энэ бол зөвхөн миний талаар бус зөвхөн миний түүх бус Шинэ Монгол сургуульд алдаж онож, шантарсан ч хичээгээд амжилтад хүрсэн бүх Шинэ Монголчуудын түүх гэж би гэж боддог юм шүү. 12-р ангид байхад ангийн минь найз Намуун “Чи яг Токиогийн их сургуульд орох байх аа” гэж намайг явуулж байлаа. Би үнэхээр Токиогийн их сургуульд орно гэж хэзээ ч бодож байгаагүй ч жинхэнээсээ орж чадсан. 

Найз маань ч гэсэн Японы алдарт “Ёкохама их сургуулийг” төгсөөд одоо олон улсад зам гүүр, метро барьдаг мундаг мэргэжилтэн болсон. 

Би “хүн өөрийгөө гэнэтхэн л ухаараад олж нээдэг биш, харин аажим аажмаар өөрийгөө бүтээдэг, өөрийгөө бий болгодог” гэдэгт итгэдэг.

Мөн ахлах сургуулийн 3 жилдээ би өөрийгөө бий болгож чадсан шиг та бүхэн ч гэсэн чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Яагаад гэвэл “хичээл зүтгэл хэзээ ч чамаас урвахгүй”. Гол нь өөрийгөө авьяасгүй гэж битгий голоорой. Тэгээд өөрийгөө чадна гэж өөртөө итгүүлж, бусдын туслалцааг авахаасаа битгий эмээгээрэй.

Эцэст нь, номын дүү нар минь надад “та ийм мундаг сургуулийг ийм нарийн мэргэжлээр төгсөж ирчхээд яагаад багшийн ажил хийгээд байгаа юм бэ? Өөр ажил хийсэн нь дээр шүү дээ” гэж их хэлдэг. Би тэр бүхэнд шууд хариулж чадаагүй ч одоо энэ индэр дээрээс хариулахыг хүслээ. Би яагаад багш болохоор шийдсэн бэ гэвэл, над шиг сурагчид олон байгаа гэдгийг мэддэг учраас юм. Мөн Шинэ Монголын минь ачит багш нар байгаагүй бол би өдийд энэ хүртэл явж чадахгүй байснаа ч мэддэг. Тиймээс би ч бас багш болж, номын дүү нарынхаа зорилго мөрөөдлийг биелүүлэхэд бага ч болов тус болохыг хүссэн юм.

Шинэ Монгол “ахлах” сургуулийн сурагч болж буй, мөн номын ах эгч болж буй та бүхэн бүгдийн өмнө, амжилт мөрөөдлөөр дүүрэн ирээдүй хүлээж байна. Багш нар нь, номын ах эгч нар нь та нарынхаа нурууг түлхэх болно. Та нар минь том мөрөөдөж, заавал хүссэн ирээдүйнхээ эзэн болоорой. Баярлалаа. 

Г.Тэнгисболд

2023.09.01