Дэлхийн аз жаргалын индексийг энэ жил Финланд улс тав дахь удаагаа тэргүүлсэн билээ.

Уг жагсаалтыг гаргахдаа улс орнуудын иргэд нь хэр аз жаргалтай амьдарч буйгаа үнэлсэн үнэлгээг гол шалгуураа болгодог аж.

Тиймээс Финланд улс яагаад дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын жагсаалтыг тэргүүлдэг нууцыг хуваалцъя.

Амгалан тайван хүмүүсийн эх орон

Европын бусад улс оронтой харьцуулбал Финландын ард түмэн тайван, дөлгөөн хүмүүс юм. 

Түүнийгээ дагаад иргэд нь тайван, амгалан амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. 

Хүнтэй өрсөлдөхөөс илүүтэй хамтран ажиллах, бие биедээ тусалж өгөөмөр хандах нь энэ улсын соёлын чухал хэсэг юм. Зөвхөн хүн хооронд төдийгүй бизнесийнхэн, төр засгийн түвшинд ч хүнийг дээдэлж, итгэлцэл дээр тулгуурлаж, ажил бизнес нь цэцэглэж байдаг.


Чанартай хүртээмжтэй боловсролоор тэргүүлэгч

Аюулгүй амьдарч буй эсэхээ үнэлэх нь тухайн улс орны иргэдийн аз жаргалын индексийг шалгаруулах чухал үзүүлэлт юм.

Тэгвэл Финландад гэмт хэргийн гаралт маш бага тэр хэрээрээ иргэд амар тайван амьдралдаа сэтгэл хангалуун аж төрдөг. 

Бас нэгэн чухал үзүүлэлт нь боловсролын систем юм. Хүүхдийг албан боловсролоор шахах шаардлагагүй гэж финландчууд үздэг.  Олон улсын боловсролын үзүүлэлтээр тус улс үргэлж эхний 10-т багтаж байдаг.  Финланд багш мэргэжил хамгийн үнэ цэнтэйд тооцогддог тул өндөр цалинтай. Багш нарт дүнгээр өрсөлдүүлэх талаар ойлголт байдаггүй, сурагчдаас түвшин тогтоох шалгалт авдаггүй. Учир нь хүүхэд сурах арга барилыг эзэмших нь чухал, тэр дундаа амьдралд хэрэгтэйгээ практик хэлбэрээр сурах ёстой гэж үздэг. 

Хүүхэд залуусын төдийгүй ахмад үеийнхэндээ ч анхаарч насан туршийн боловсролыг эрхэмлэж иржээ.  

Хүн бүрд эрх тэгш боломж олгохыг хичээдэг 

Финландын хүн амын 68 хувийг дундаж орлоготой айл өрхүүд эзэлдэг. 

Нийгмийн гарлаас үл хамааран Финландын засгийн газар иргэн бүртээ эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, бизнес эрхлэх адил тэгш боломж олгохыг хичээдэг байна. 

Гоц болон оюуны хоцрогдолтой хүүхдүүдийг аль алийг нь онцгой хэмээн авч үздэг ба бусадтайгаа хамт сурах боломжийг олгодог.