ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Канцлер асан Герхард Шредерийн хуримын ёслолд оролцож магадгүй гэж “Bild” сонинд мэдээлжээ.

“В.Путин Германд хувийн ажлаар дахин айлчилж магадгүй. Германд тархаад байгаа зарим мэдээллээс үзвэл В.Путин 10 дугаар сард өөрийн найз Герхард Шредерийн хуримын ёслолд оролцох ажээ” гэж уг сонинд бичсэн байна.

Бусад хэвлэлийн мэдээлснээр, уг хуримын ёслол Берлин хотын “Adlon” тансаг зэрэглэлийн зочид буудалд 10 дугаар сарын 5-нд болох аж.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров есдүгээр сарын дундуур Германд айлчилна гэж “Bild” сонины мэдээлэлд дурджээ. Гэвч энэ айлчлалын талаар Германы эрх баригчид ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Өнгөрсөн бямба гарагт В.Путин Германы Канцлер Ангела Меркельтэй уулзахаар Германыг зорих замдаа Австрид түр саатаж, тус улсын Гадаад хэргийн сайд Карин Кнейсслийн хуримын ёслолд оролцсон билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг