Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 5.186.000 хүн өвчилж, 333.000 хүн нас барсан байна. 

Сүүлийн 24 цагт 103.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ өвчлөл 4-5 оронд голомтлон илүү эрчтэй тархаж байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 8.843 хүн шинээр өвчилсөн.

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриадад өвчлөл 27-гоор нэмэгдэж, нийт 1054 болсон, Эрхүүд 34 тохиолдлоор нэмэгдэж нийт 780, Тувад 44-өөр нэмэгдэж, нийт 451, Чит мужид 31-ээр нэмэгдэж нийт 646 хүн өвчилсөн байна. 

Иймд хил залгаа Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, амны хаалт тогтмол зүүж, гараа сайтар савандаж угааж, хүн хоорондын зай 1-1.5 метр байх, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулж байна.

Манай улсад орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж, 4125 хүнд коронавирус илрүүлэх тандалт, судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сүүлийн 24 цагт гурван хүн шинээр ажиглалтад орсон. 314 хүн тусгаарлах байрнаас гарч,гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо тусгаарлах байруудад нийт 1651 хүн байна. Тэдэнд 37 их эмч, 41 ресидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.