Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэг зөвлөж байна

Ажил, гэр бүл хоёроо хоёуланг нь зохицуулдаг энэ цагийн хүүхнүүүдийг илүү аз жаргалтай гэж болохоор. Гэтэл орчин үеийн бүсгүйчүүд 40 жилийн өмнөх үеийн хүүхнүүдээс аз жаргал багатай нь судалгаагаар тогтоогджээ. Тэгвэл үүнд шалтгаан бий.

Чи цаг зав муутай ажил хийдэг, байгууллагын дарга, удирдагч, жаахан хүүхдээ арчилдаг эсвэл өсвөр насны хүүхдээ гэртээ ирэхийг нойроо хасан хүлээдэг, хөгшин настай ээж ааваа асардаг ч бай амьдралдаа харамсахгүйн төлөө, илүү утга учиртай өдөр хоногийг өнгөрүүлэхийн төлөө өөртөө цаг гаргах ёстой.


Бид “зав гарвал” гэдэг үгийг маш их ашигладаг. Тэгээд өөрсдийн “завгүй” байгаагаа гайхан шагшицгаана. Үнэндээ тэр зав гээчийг гаргадаг болохоос өөрөө гардаггүй аж. 

Өөрийгөө хийж байгаа ажил, найзууд болон бусад зүйлсээс үнэтэйд тооц. Тэгж байж зав гаргах хүч чадалтай болно.Өөртөө цаг гаргалаа гээд “муу эхнэр, муу ажилтан, муу ээж” болчихгүй. Харин ч эсрэгээрээ таны амьдрал хөнгөрч та аз жаргалтай байх болно. Та өөрөө аз жаргалтай байснаар бусдад хайраа түгээх, бусдыг аз жаргалтай болгох, ажлаа сайн хийх, үр бүтээлтэй байх боломжтой болно.

Өөртөө цаг гаргаарай гэхээр хаана ямар фитнесс, иога байна, хаашаа? хэнтэй? юунд? ... гэж асуудаг. Үгүй дээ, зүгээр л өдөрт, үгүй юмаа гэхэд 7 хоногт 15-30 минут зарцуулж сур. Чимээгүй орчинд ганцаараа байж, юм бод, унш, бясалгал хий. Өөртөө цаг гаргах зөвлөмжүүдийг бид хаа сайгүй харж л байдаг. Юм маш энгийн. Гэвч бид үнэндээ хамгийн энгийн зүйлийг хийж чаддаггүй. 

Бас хамгийн энгийн зүйлийг мэдэхгүй байх нь цөөнгүй. "Гэртээ олуулаа, хүүхдүүдээ хардаг, хаана хэзээ ганцаараа байх вэ?" гэж асуух гэж байна уу. Боломжгүй зүйл гэж үгүй. Хүүхдүүд унтсан хойно, хичээл сургуульдаа явсан хойгуур яаж ийгээд өөртөө цаг зарцуул. Ганц аяга кофе эсвэл шоколадтай сүү, сайхан сүүтэй цай өмнөө тавиад суу. Тэгээд юм бод, өнгөрсөн, одоо, ирээдүйгээ бод, дүгнэ, бас төсөөл. Тэгээд бодож, төсөөлснөө тэмдэглэн бич. Бичих бол хамгийн гайхамшигтай үйлдэл. Бичиж байхдаа та бодно, тунгаана, төсөөлнө, бас дотроо харна, өөртэйгээ ярина. Гайхамшигтай биш гэж үү. Энэ нь стресст автахгүй, эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, зорилготой байх гээд олон зүйлд таныг сургана. Бас эрүүл зүрх сэтгэлтэй байхад туслана.

Амьдралаас баяр хөөрийг мэдэрч, амсхийх чөлөөг өөртөө олго.
Стрессийн түвшингээ бууруулах эхний алхам бол "үгүй" гэж хэлж сурах. Бид хүмүүсийн таалалд нийцүүлэгч байхын зэрэгцээ ачаалал багатай ажиллаж амьдрах боломжгүй. Тэр ч байтугай бусдын хийж бүтээж байгаа хэр хэмжээнд өөрсдийгөө аваачих гэж албадах ч хэрэггүй. Зарим хүн бусдаас ихийг гүйцэлдүүлэх чадвартай байдаг. Тиймээс бид өөрсдийн хэмжээ хязгаар дотор амьдарч сурах ёстой. Хүн болгоны хэмжээ хязгаар, чадвар харилцан адилгүй.
Хэн нэгэнтэй адил болох гэж, хэн нэгний таалалд нийцэх гэж, хүмүүс намайг юу гэх бол гэж хэтэрхий их чармайх хэрэггүй. Өөрийнхөөрөө байж, өөртөө амсхийх чөлөө олго.