Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Амсахгүй бол харамсахгүй” аян орон даяар хэрэгжиж  байна. Энэхүү аяны хүрээнд донтох эмгэг судлалын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. 

Энэ удаад Аддиктологийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга  Ө.Өнөмөнхтэй архи болон сэтгэл зүйн харилцан хамаарлын талаар ярилцлаа. 

Асуудлаа түр мартах гэж архи, согтууруулах ундаа хэрэглэсээр архины хамааралтай болчихсон байдаг

Хүн ядаргаанд орж болно, сэтгэлээр унаж болно, тавгүйрхэж болно. Тэр бүрд сөрөг сэтгэл хөдлөлөө архиар аргацаагаад байх нь буруу. Уусны дараа сэтгэл санаа дээрдээд, хэнтэй ч хамаагүй ярилцмаар, орилмоор санагдаж байвал архи таны сэтгэл зүйг удирдаад эхэллээ гэсэн үг. 

Та хэр давтамжтай уудаг вэ, ганцаараа уух тохиолдол байдаг уу, шартсан үедээ архиар шараа тайлдаг уу гэх мэт тест асуултуудаар архины хэрэглээг тодорхойлж, хамааралтай эсэхийг нь үнэлдэг. 

Хүмүүс “Би боловсон хэрэглээтэй” гээд өөрсдийгөө  архины хамааралд орчихсон байна гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. “Долоо хоногтоо нэг, хоёр долоо хоногт нэг, сардаа нэг удаа л найзуудтайгаа уулзахдаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг” гэдэг. Гэтэл сар бүр, долоо хоног тутам давтамжтай архи уугаад байна гэдэг донтчихсон байна л гэсэн үг. 

Архины хамаарал гэдэг нь ерөөсөө л донтолт. Буруу аргаар стрессээ тайлах гэж оролддог нь донтолтын суурийг тавьдаг. Архи, согтууруулах ундаа хэрэглэх үед хүний биеийн бүх судас өргөсдөг. Ингэснээрээ тархинд ирж байгаа даавар ялгаралт хурдацтай явагдаж хүн маш хурдан сэтгэл хөөрөлд автдаг. Сэтгэл хөөрөлд автаад ирэхээрээ олон төрлийн сэтгэл хөдлөлүүдийг гаргаж эхэлдэг. 

Нийгэмд архи уудаг хүнийг бүр нэг яадгаа алдчихсан, гудамжинд гарчихсан хүнээр л төсөөлдөг. Харин байнгын давтамжтай архи ууж байна гэдэг нь өвчин тусчихсан байна л гэсэн үг. 

Амсахгүй бол архинд донтохгүй

Архины хамаарал ердөө ганц амсахаас л эхэлдэг. Та өнөөдөр нэг хундага архи уулаа гэж бодъё. Маргааш нэг хундага нь хоёр болно. Ингэж даамжирч явсаар та нэг л мэдэхэд архинд “живчихсэн” буюу архины хамааралтай хүн болчихсон байдаг. 

Эмчээр ажиллаж байх хугацаандаа олон хүнийг эмчилж эрүүл саруул болгож байлаа. Түүнээс авах хамгийн гоё мэдрэмж бол өвчнөө ялан дийлсэн үйлчлүүлэгчийнхээ нүднээс “Би энэ өвчнийг даваад гарчихсан шүү” гэдэг харцыг харах. Анх эмчлүүлэх гээд ирж байснаасаа тэс өөр харцтай болчихсон байдаг.

Шоудаж болно, гэхдээ алкохолгүйгээр…

Нэг жишээ татъя л даа. Одоогоос долоон жилийн өмнө над дээр 38 настай залууг ээж нь эмчлүүлье гээд дагуулаад ирж байсан. Анхандаа тэр залуу эмчилгээ хийлгэхдээ их дургүй байлаа. Долоо хоногийн дараагаас эмчилгээ нь сонирхолтой санагдаад өөрөө хүрээд ирдэг болсон. 14 хоногийн дараагаас архинаас татгалзаж буй хүмүүстэйгээ нийлээд өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон. Тэгж явсаар донтолтоосоо бүрэн ангижирч чадсан. Тэр залуу маань түүнээс хойш долоон жилийн турш архи ерөөсөө амсаагүй яваа. 

Тэгэхээр шоудаж болно. Гэхдээ уухгүйгээр шоудаж болдог. Гэтэл хүмүүс үүнийг ойлгодоггүй. Заавал архи, согтууруулах ундаа хэрэглэж байж нээлттэй болно гэж сэтгэдэг. Заавал архи уухгүйгээр гадаа цэцэрлэгт хүрээлэнд суугаад найздаа сэтгэлээ уудалж болно шүү дээ. Ингэхийн тулд хүмүүс сэтгэлээ нээлттэй илэрхийлж сурмаар байна. 

Архины нөлөөгүйгээр хүн өөрийн сонирхдог зүйлээ сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамт хийвэл стресс тайлагдаж эхэлдэг. Тиймээс хүн өөрийнхөө сонирхлыг төрүүлдэг хобби олж, тууштай хичээллэх хэрэгтэй гэдгийг онцолмоор байна. 

Жилдээ 3-4 удаа л уудаг гээд тайвширчихдаг юм биш биз?

Арван жил тогтмол архи уусан хүн, мөн арван жилийн хугацаанд жилд 3-4 удаа уудаг хоёр хүний биеийг харьцуулахад яг адилхан байдаг. Архи тийм л хортой. Бүх эрхтэн системийг гэмтээдэг.

Архинд донтох эмгэгтэй хүн бие махбод, сэтгэл санаагаараа хохирсноо толинд харж байж л мэддэг. Толь буюу эмчилгээнд хамрагдаж байж ойлгодог. Тэдний биеийн хэлэмж, харц, өөрийгөө үгүйсгэж байгаа байдлыг харахад л сэтгэл гутралтай байна, түүнээсээ болоод архинд орчхож гэдэг нь мэдэгддэг. 

Тиймээс хэрвээ та ямар нэг шалтаг гаргаж уугаад байгаа бол архины тодорхой хэмжээний хэрэглээтэй болчихсон юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Архинаас татгалзах 0.001 хувийн ч гэсэн итгэлцэл байх юм бол архинд донтох эмгэгээс 100 хувь татгалзаж чадна. 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.