peak.mn
05 сарын 16, 2018
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг Умард Солонгосын эрх баригчид цуцлах бодолтой байгаа тухай мэдээллийг Америкийн засаг захиргаа судалж үзэхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.
“Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн түгээсэн мэдээллийг бид авсан. БНАСАУ-ын эрх баригчдын мэдэгдлийг АНУ бие даан судлах бодолтой байгаа ба өөрийн холбоотнуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулна” гэж тэрээр хэлсэн байна.
“АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Дональд Трамптай хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтыг цуцлах тухай БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэхийн сацуу энэ сарын 16-нд хийх ёстой хоёр Солонгосын өндөр түвшний хэлэлцээг цуцлав” гэж мягмар гарагт Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлсэн юм.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэртын мэдэгдсэнээр, ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалтыг цуцлаж болзошгүй тухай мэдээллийг БНАСАУ-ын зүгээс АНУ аваагүй ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.